horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Галт зэвсгийн мэргэжилтэн, хошууч Б.Гансүхэд 2 хэргээр ял оноолоо

post-img

ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвийн галт зэвсгийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, мэдээллийн нэгдсэн сан хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Гансүх иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан нэр бүхий 4 иргэний төлбөр болох 1.4 сая төгрөгийг өөртөө авч хувьдаа зарцуулсан, хүний галт зэвсгийг гэртээ хадгалж, хувьдаа завшсан гэх хэрэгт холбогджээ. Уг хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна.

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнөөдөр (2026.01.26) уг хэргийг хэлэлцээд, шүүгдэгч Б.Гансүхийг албан тушаалаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Мөн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэв. Эдгээр хэрэгт нь түүнд 10 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 1 жил зорчих эрх хязгаарлах ял оноосон байна.

Б.Гансүхийг уг хэрэгт холбогдсоных нь дараа ажлаас нь халжээ.

Галт зэвсэг өмчлөх, эзэмших, ашиглах, аюулгүй ажиллагааны сургалтыг ХЗДХ-ийн сайдын баталсан журмын дагуу ЦЕГ-ын даргын тушаалаар хөтөлбөр, төлөвлөгөө батлан, цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулдаг. Уг сургалтаар иргэдэд эзэмшиж байгаа галт зэвсгээ эрх зүйн ямар зохицуулалтын хүрээнд ашиглах, эзэмших, аюулгүй байдлаа хэрхэн хангах, буугаа яаж хадгалах, галт зэвсгээр хэрхэн буудах гэх мэт сургалт явуулж, буудах дадлага хийлгэдэг. Дараа нь шалгалт авч, тэнцсэн иргэдэд гэрчилгээ олгодог.

0/1000