Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Г.Занданшатарын замын зураг ба Б.Чойжилсүрэнгийн манасан гал
- 2026/01/27

- 4 цаг 37 минутын өмнө

- 4 мин уншина

Ерөнхий сайдыг Давост Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцон, том тоо ярьж, Доналд Трампын 1 тэрбум ам.долларын хураамжтай Энхийн зөвлөл гээчид нэгдэж явах зуур Монгол Улсын галыг манаж буй Б.Чойжилсүрэн манасан галаа цогшуулж, монголчуудыг гал алдуулав. Улсынх нь нийслэл гал алдсан, төвийн бүс тэр чигээрээ цахилгааны хязгаарлалтад орсон, сурагчид гадуур хувцастайгаа хичээллэж байгаа тухай мэдээ Г.Занданшатарын тархин дундуур татаад авсан биз. Намаржин сандал суудалтайгаа үлдэх гэж үйлээ үзсэн, хавар улс төр яаж ч эргэж магад байхад түүнд энэ мэт таагүй мэдээ уг нь хэрэггүй.

Хамгийн хоржоонтой нь эрчим хүч тойрсон элдвийн асуудал Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг тойрон эргэлдэж байна. Б.Чойжилсүрэнгийн зөвлөх Б.Нямаа, Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн сургуулийн анд, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн, Б.Чойжилсүрэнгийн сонгуулийн менежер, хуучнаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан П.Баттулга … гээд хөвөрлөө. АТГ-ын хаалгаар орж байгаа эрхмүүдийн намтар, түүхийг сөхвөл Б.Чойжилсүрэнгээс холдохгүй байна. 216 төгрөг байсан цахилгааны үнийг 2024.11.15-наас нэмж, 280 төгрөг болгосныг нь ажил хийлээ гэхгүй юм бол 4 жил Эрчим хүчний сайдаар ажиллаж буй энэ хүнд хийсэн ажил алга.

Гэтэл Ерөнхий сайд Г.Занданшатар “2026 оны төсөв бол төрийн зуршлыг хазаарлаж, хувийн хэвшлийг чөлөөлөх замын зураг юм” гээд тунхаглачихсан, 2025.09.15-нд Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д танилцуулахдаа. Үүнийгээ эрчим хүчний компаниудаас эхлэхгүй бол энэ салбар олон жил элгээрээ мөлхсөөр одоо мөлхөх ч тэнхэлгүй болоод, хэвтчихлээ. Салбарыг нь харвал монопол, асар их ирээдүйтэй бизнес харагдаад байдаг. Компаниудыг нь харвал төрөөс зуух, генератор гуйсан, сампирчихсан юмнууд байгаад байдаг. Захирлуудыг нь харвал сагатлаа баяжсан, сагсалзуур нөхөд яваад байдаг.

Хамгийн хоржоонтой нь эрчим хүч тойрсон элдвийн асуудал Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг тойрон эргэлдэж байна

Ийм болгосон буруутан нь Засгийн газар өөрөө. Засгийн газрыг байгуулдаг МАН өөрөө. Төрийн албанд очсон сайд, дарга бүр хэрэгцээгүй бараа шахдаг, хэрэгтэй зүйлд зориулах мөнгийг нь иддэг явдал зуршил болов. Ийм хорт зуршил бий болсон газрын нэг нь эрчим хүчний салбар гэдгийг одоо бид улс даяараа харж байна. 371.174 айл, 46.691 аж ахуйн нэгж 2026.01.20-ноос хойш 7 хоног цахилгаан, дулаанаа хязгаарлуулж байна.

Дөнөн үхрийн эвэр хөлдөх 4 есийн хүйтнээр хүн ардаа зутраасан эрчим хүчний салбарынхны цахилгаан, дулааны хязгаарлалт одоо ч үргэлжилсээр. “ДЦС 4” гэмтлээ зассан гэж, Бөөрөлжүүтийн цахилгаан станц хөлдсөн нүүрсээ гэсгээсэн, бөглөрсөн бункерийнхээ бөглөөг гаргасан гэж Ерөнхий сайдад танилцуулсан ч цахилгааны хязгаарлалт зогссонгүй. “ДЦС 4″ ТӨХК-ийн ерөнхий инженер П.Болдбаатар дүн өвлийн хүйтнээр, ид ачааллын үеэр “Төлөвлөгөөт засвар” гэсэн хүн үнэмших аргагүй тайлбар хэлээд, цахилгаан тасалсан хэвээрээ байна.

Хүнээс гал, гэрэл гуйдаггүй болох зорилгоор эрчим хүчний хараат байдлыг бууруулж, 3.9 их наяд төгрөгийн дотоод хөрөнгө оруулалтаар эх үүсвэрээ нэмэгдүүлнэ

Төрийн зуршлыг хазаарлаж, хувийн хэвшлийг чөлөөлөх замын зургаа Ерөнхий сайд хэдийнэ зурсан байх. Тэр зургийнхаа дагуу юу хийхийг зон олон хүлээнгээ анхааралтай ажиглаж байна. Магадгүй, энэ салбарыг аврах ганц боломж нь хувьчлал байх. Хувьчлахаасаа өмнө төрийн өмчит компаниудыг багахан ч болов өөд нь татаж, үнэ цэнийг нь өсгөхгүй бол горьгүй. Гэхдээ тийм сэтгэл энэ ЗГ-т байгаа эсэхийг Г.Занданшатарын замын зургаас харцгаая!

“Хүнээс гал, гэрэл гуйдаггүй болох зорилгоор эрчим хүчний хараат байдлыг бууруулж, 3.9 их наяд төгрөгийн дотоод хөрөнгө оруулалтаар эх үүсвэрээ нэмэгдүүлнэ. Үйлдвэрлэлээ 3.5 сая мегаватт/цагаар нэмэгдүүлснээр импорт багасаж, цахилгаан тасалдал, тарифын дарамт багасна” гэсэн Г.Занданшатарын үг улсын төсөвт яаж туссаныг доорх тооноос мэдэж болно. 2026 оны улсын төсөвт хөрөнгө оруулалт гэж зориулалтыг нь тодорхойлсон 4.3 их наяд төгрөгийг доорх салбарт зарцуулна. Үүнд:

35%-ийг авто зам, 1.4 тэрбум төгрөг

18%-ийг боловсрол,

14%-ийг нь эрчим хүч,

8%-ийг нь эрүүл мэнд

Гадаадын зээл, тусламжийг дараах салбарт зарцуулна. Үүнд:

21%-ийг нь эрүүл мэнд

20%-ийг зам,

17%-ийг нь боловсрол,

14%-ийг нь эрчим хүч,

Ингээд харвал Г.Занданшатарын ЗГ өмнөх ЗГ шиг замын салбарыг хойморт залж, эрчим хүчний салбарыг үүдэнд суулгаж байна. Сангийн сайд Б.Жавхлан “Хөрөнгө оруулалтын бүтцэд эрчим хүч, автозамыг эхэнд эрэмбэлэх нь хамгийн зөв. Үүнийг хийхгүйгээр нэг ч эмнэлэг, нэг ч сургууль барьж чадахгүй. Тийм учраас хөгжлийн түүчээлэгч нь дэд бүтэц гэсэн онош тавигдаад, сүүлийн 5 жил эдгээр салбарт анхаарсан. Ойрын 5-10 жил ч энэ бүтэц өөрчлөгдөхгүй болов уу. Эрчим хүчний эх үүсвэрүүд нэмэгдэж, автозамууд баригдсанаар баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Ингэж л эдийн засгийн төвлөрөл саарна” гэж хэлсэн ч бодит байдал дээр Сангийн яамныхан дэд бүтэц гэхээр авто зам гэж ойлгодог хэвээрээ л байна. Сүүлийн 5 жил дэд бүтцийн салбарт анхаарсан гэх боловч үнэндээ авто замд л анхаарсан. Эрчим хүчинд биш.

- Шинэ
- Хандалттай