horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Эрчим хүчний хэлбэлзлээс үүдэн цахилгаан бараа шатсан бол хохирлоо нэхэмжлээрэй

post-img

Сайд, дарга сэтэртнүүд эрчим хүчний салбарыг шүүрэн шанага шиг тонож, сэхэх нөхцөлгүй болгосны урхгийг ард түмэн амссан өдрүүд үргэлжилсээр.

“Дулааны цахилгаан станц-4″ ТӨХК-ийн халаах гадаргууд гэмтэл гарсны улмаас нийслэл болон ойролцоох зарим аймагт цахилгааны хязгаарлалт хийж эхэлсэн. Гарсан гэмтлийг засаж дууссан ч нэг хоногийн дараа Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гэмтэл гарсан. Ийнхүү дулааны цахилгаан станцуудыг хөсөр хаяснаас болж нийслэлчүүд цахилгаан, дулааны хязгаарлалтад шилжив.

1-р сарын 20-ноос эхэлсэн цахилгааны хязгаарлалт зарим айлын цахилгаан хэрэгслийг шатааж, мөн гал алдах эрсдэл бий болгож, орон гэргүй ч болсон тохиолдол гарсан.

Кэйс 1: Энэ сарын 21-нд Сүхбаатар дүүргийн 12-р хороонд өрх толгойлсон ээж Боргилцэцэг цахилгаан хязгаарлалтын улмаас гэр нь шатсан талаар хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тухайн өдөр 2 удаа цахилгаан тасарсан. Цахилгаан таслах хуваарь байсан ч хуваарийн дагуу тасраагүй. Тэр гэрээс гарахдаа хөргөгчөө залгасан. Улмаар 19 цагийн орчимд цахилгаан тасарч, тог ирэх үед гэр нь шатжээ. Үүнийг тэр гэртээ ирж яваад харсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас гаргасан галын дүгнэлтэд “Иргэний хариуцлагагүй байдлаас гал гарсан” хэмээн үзэж, торгууль ногдуулсан.  

Кэйс 2: Гэнэт тог тасарч, халаалт зогсжээ. Буцаад тог, дулаан ирэхэд нь паар задарсан. “Ийгл таун “ хотхоны ….орцны паарны радиатор задарч, коридор, авто зогсоол руу ус алджээ. Мөн цахилгаан хэрэгсэлд масс гарсан байна.

Кэйс 3: Халаалтаа тогоор шийдсэн айлд гэнэт цахилгаан, дулаан тасарчээ. Үүний улмаас ариун цэврийн өрөөний өргөлтийн насос хөлдөж хагарсан байна.

Кэйс 4: Би БГД-ийн 6 дугаар хороо “Орчлон” хорооллын оршин суугч. Цахилгаан хязгаарлахдаа урьдчилан мэдэгдээгүйн улмаас миний утас шатсан. Цахилгаан таслалтаас үүдсэн хохирлоо барагдуулмаар байна. Энэ асуудлыг холбогдох байгууллагад нь уламжилж өгнө үү?

Энэ мэтчилэн 1111 төвд цахилгаан хязгаарласнаас болж хохирсон гэх гомдол өдөрт 1-2 иржээ. Ийн нэгэн дуу хоолойгоор тэд төрөөс хохирлоо нэхэж байна.

Харин энэ тохиолдолд хохирлыг төр барагдуулах уу?

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд эрчим хүчний гэрээг цахилгаан түгээх компанитай хийдэг.

Үндсэндээ бид тогны мөнгө тушаахдаа ашигладаг код бол таны гэрээний дугаар. Энэ гэрээгээр бид мөнгө төлөх, харин цахилгаан түгээх сүлжээний компани эрчим хүч нийлүүлэх үүрэг хүлээнэ. Гэтэл өнөөдрийн нөхцөлд хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдөж байгаа юм. Төлбөрөө төлөөгүй бол хэлэлгүйгээр шууд цахилгаан таслаад явчихдаг. Харин зарим нь төлбөрөө төлье гээд байхад хүссэн хэмжээгээрээ цахилгаан хэрэглэж чадахгүй байгаа. Бүр эд хөрөнгөөрөө хохироход ч хүрч буй. Тухайлбал, цахилгаан тасална гэх хуваарь гаргадаг ч уг хуваарийн дагуу тасалдаггүй. Хэрэглээгээ зохицуулах боломжийг хэрэглэгч нартаа олгохгүй байна. Өдөрт 1 удаа эрчим хүч хязгаарлана гэчхээд 2-3 удаа тасална. Тэгвэл ийм хэлбэлзлээс болж цахилгаан бараа шатвал цахилгаан түгээгч хариуцна гэж уг гэрээнд заажээ.

Цахилгааны хэлбэлзлээс үүдэн цахилгаан хэрэгсэл шатсан бол 24 цагийн дотор цахилгаан түгээхэд  өөрийн биеэр очиж өргөдөл өгнө

Энэ талаар хуульч О.Батхүү дараах байдлаар тайлбарлажээ.

Цахилгааны хэлбэлзлээс үүдэн цахилгаан хэрэгсэл шатсан бол 24 цагийн дотор дүүргийн цахилгаан түгээхэд утсаар бүртгүүлнэ.  Дараа нь өөрийн биеэр очиж өргөдөл бичнэ. Хэрэв амралтын өдөр таарвал дараагийн ажлын өдөр өргөдлөө өгнө. Үүнээс хойш 3 хоногт мэргэжлийн хүн газар дээр нь үзлэг хийнэ. Тухайн эвдрэл цахилгааны хэлбэлзлээс болсон уу, эсвэл та олон цахилгаан хэрэгсэл залгаж ачаалал үүсгэснээс үүдэлтэй юү гэдгийг тогтооно. Ингээд хэлбэлзлээс үүдэлтэй бол цахилгаан түгээх компани засах буюу сольж өгөх үүрэг хүлээдэг. Боломжгүй бол мөнгийг нь төлөх ёстой.
Анхааруулж хэлэхэд гэрээгээ заавал бичгээр хийхийг шаарддаг. Гэвч сар бүр төлбөр төлж, цахилгаанаа авч байгаа бол гэрээ хийсэн гэж үзэж болдог. Үүний тулд шүүхээр маргах ёстой болно. Тиймээс гэрээгээ хийчих. Хохирсон бол хохирлоо нэхэмжлэх эрхтэй” хэмээн тайлбарлалаа.

Цахилгаан хязгаарлаад, хэвийн болмогц “Эрчим хүч хязгаарлна” гэх мессэж илгээсэн нь хуульд нийцэхгүй

1-р сарын 20-ноос хойш хийж буй цахилгааны хязгаарлалттай холбоотой нөхцөлийг хуульд дараах байдлаар тусгажээ.  

Эрчим хүчний тухай хууль

 32.2.5. байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн, түлшний хомсдол бий болсон, эрчим хүчний хангамжид осол, саатал гарсан, хүний амь нас, эд хөрөнгөд аюул учрах, гал түймэр гарах нөхцөл үүссэн;

Дээрх тохиолдолд буюу хуулийн 32.2.5-д заасны дагуу эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх, хязгаарлах тохиолдолд анхаарах мөн хэд хэдэн бусад нөхцөл, шаардлагууд байна.

Тухайлбал, Эрчим хүчний тухай хуулийн 15.2.2-т зааснаар Диспетчерийн үндэсний төв нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд цахилгаан хангамжийг таслах, хязгаарлах, сэргээх төлөвлөгөө хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг.  

Мөн Эрчим хүчний тухай хуулийн 29.1.2 – т зааснаар эрчим хүчээр хангагч нь “Эрчим хүчний төлөвлөгөөт таслалтын талаар хэрэглэгчид 24-өөс доошгүй цагийн өмнө урьдчилан мэдэгдэх үүрэгтэй” байна. Хуулийн дагуу төлөвлөгөөт хязгаарлалтын талаар хэрэглэгчид урьдчилан мэдэгдсэн байхад хэрэглэгч өөрийн буруугаас болж хохирвол хохирлыг эрчим хүчээр хангагч байгууллага хариуцахгүй.  

Гэтэл ойрын хугацаанд эрчим хүчийг хязгарлахдаа заасан хуваарийн дагуу биш, мөн өдөрт 1 удаа 1 цагаас багагүй хугацаагаар хязгаарлахаа мэдэгдсэн ч өглөө, өдөр, орой 1-2 цагаар цахилгаан хязгаарлаж буй. Ийнхүү хязгаарлалт дууссаны дараа “Эрчим хүч хязгаарлана” гэх мессежийг иргэдийн дугаарт илгээж байгаа. Энэ нь Эрчим хүчний тухай хуулийг зөрчиж, цаашлаад иргэд эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл бүрдүүлж байна.

Хуульд зааснаар,

  1. Төлөвлөгөөт таслалтын талаар хэрэглэгчид 24-өөс доошгүй цагийн өмнө мэдэгдээгүй буюу тулгаж мэдэгдсэн бол хэрэглэгч тус цахилгаан тасарсантай холбоотой хохирлоо шаардах эрхтэй гэж үзэхээр байна.
  2. Эрчим хүчээр хангагчаас өгсөн төлөвлөгөөт таслалтын хуваариас өөр хуваарь буюу цагаар цахилгаан тасалсан бол мөн хэрэглэгч учирсан хохирлоо нэхэмжилж болохоор байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос нийслэлд өдөрт ямар хэмжээний хязгаарлалт хийж байгаа талаар мэдээлжээ. 1-р сарын 22-нд гэхэд өдрийн оргил ачаалал 1745 МВт-д хүрснээс 100 МВт-ын ачааллыг хязгаарлаж, 1645 МВт-ын хэрэглээг хангасан байна.



0/1000