horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Монголын иргэний машиныг Солонгосын иргэн луйварджээ

post-img

БНСУ-ын иргэн Ж.Ч.Х-с Монгол Улсын иргэн Н.Э ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа болгон 2023 онд 185 сая төгрөгөөр худалдан авсан “Тоёота 4Runner” маркийн машинаа түүний нэр дээр шилжүүлэн өгсөн байна. Гэхдээ тэд хоорондоо тусгай зөвшөөрөл худалдан авах гэрээ хийгээгүй аж.

Тиймээс Н.Э уг солонгост өгсөн машинаа буцаан нэр дээрээ шилжүүлэн авах гэсэн боловч БНСУ-ын иргэн Ж.Ч.Х “185 сая төгрөгөөр надад зарчих. Удахгүй мөнгийг нь шилжүүлнэ” гэжээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэл түүнд машины төлбөрийг нь төлөөгүй байна. Иймд тэрээр БНСУ-ын иргэн Ж.Ч.Х-гээс 185 сая төгрөгөө нэхэмжлэн, шүүхэд ханджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг 185 сая төгрөгөөр худалдан авсан өдрөө хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. Хариуцагч тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж, өмчлөгчөөр бүртгэгдсэн, өөрийн өмчлөлд байлгаж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, өмгөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуульд зааснаар тээврийн хэрэгслийн үнэ 185 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. Үүнийг өнөө солонгос эсэргүүцэн, давж заалдсан байна.

Давж заалдах шатны шүүх талууд худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл болох гэрээний зүйл болон үнийн талаар бичгээр болон амаар тохиролцсон болох нь тогтоогдоогүй. Харилцан ойлголцлын санамж бичигт уг машиныг барьцаанд өгөх тухай тусгагдсан нь худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг нотлохгүй. Хариуцагч машиныг 2023 оны 12 сарын 18-ны өдрөөс хойш эзэмшиж, ашиглаж байгаа боловч ямар гэрээний дагуу хүлээн авснаа нотлоогүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн, нэхэмжлэгч хариуцагчаас машины үнэ 185 сая төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэжээ. Үүнийг уг солонгос бас л эсэргүүцэн, 185 сая төгрөг төлөхөөс татгалзаж, хяналтын шатны шүүхэд хандсан байна.

Улсын дээд шүүх 2026.01.27-нд уг хэргийг хянав. Хариуцагч солонгос тус шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна. Харин түүний өмгөөлөгч нь уг машиныг Н.Э-д буцаан өгөх боломжтой, эсхүл үнийг бууруулж 130 сая төгрөг төлөх ёстой гэжээ. Гэвч тэр яагаад уг машины үнийг хямдруулах ёстойг нотлоогүй аж.

Иймд “Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй” гэж УДШ үзэв. Харин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул уг магадлалыг хүчингүй болгож, БНСУ-ын иргэнээс машины үнэ болох 185 сая төгрөгийг гаргуулж, Монгол Улсын иргэнд олгуулах нь зүйтэй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

0/1000