Багш нарын цалингийн асуудлаар Боловсролын яам өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ талаар Боловсролын дэд сайд Д.Гантулгаас дараах мэдээллийг тодруулахад:
-Үндсэн цалин 70 хувь, нэмэгдэл 30 хувь байж зөв тал руугаа орно. Нэгэнт цалин нэмэх учир цалингийн бүтцийг зөв болгох хэрэгтэй. Ур чадвар, унаа, хоолны нэмэгдэл гэж хуульд байхгүй. Тийм учраас энэ хоёр нэмэгдлийг үндсэн цалинд шингээх бодлого баримтална. Нийслэлийн залуу багш нарын цалин 50 хувиар нэмэгдэж байна. Гэтэл ур чадварын нэмэгдэл авдаг байсан багш нарын үндсэн цалинд нь ур чадварын нэмэгдлийг нь багтаахаар, цалин нь багаар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл: Бага цалинтай байсан багш нарын цалин их, өндөр цалинтай байсан багшийн цалин бага нэмэгдэх юм. Олон нэмэгдэл авдаг багш нарын цалин 50 хувиар нэмэгдэж чадахгүй байгаа. Дунджаар 750 мянгаар нэмэгдэж байгаа гэх тооцоотой байна. Цалингийн шинэ бүтцийг МҮЭ-нд хангалттай хэлж, ойлгуулсан.
–50 хувийн нэмэгдэл цалин сарын эцэст орох уу?
-Энэ сарын цалинг сардаа багтааж олгоно. Багш нар цалингаа аваад, өнгөрсөн 2025 оны 1-р сарын цалинтайгаа харьцуулж үзээрэй. Нэг ч хүний цалин буурахгүй. Баталгаатай хэлье. Их, бага ямар нэг хэмжээгээр нэмэгдсэн. Энэ бол бодлого. Нийслэлийн залуу багш нараа дэмжинэ. Орон нутгийн нэмэгдлээс болоод, нийслэлийн багш нар чинь үндсэн цалингаараа амьдрах боломжгүй болсон. Өмнө нь багш төвтэй байсан бол одоо сурагч төвтэй болсон гээд өөрчлөгдсөн зүйл их байна.
-Боловсролын салбарын үйлчилгээний ажилтнуудын цалин хөлс яах вэ?
-Цэцэрлэг, сургуульд ажиллаж буй багш бус мэргэжилтнүүдийн цалин мөн 50 хувиар нэмэгдэнэ. Харин аймаг, нийслэлийн боловсролын байгууллага, төрийн үйлчилгээг тусад нь авч үзэхээс аргагүй. Гэхдээ огт нэмэхгүй гэсэн зүйл байхгүй.


