Ойдоо төөрсөн сармагчингууд бид гэрээ олох гээд бэдэж л явна. Түүхээ мэдьюү гэтэл бичиж үлдээсэн түүх монголчууд бидэнд тун хомс. Хархорум хотод гүнж нарын байгуулсан, Өглөгчийн хэрэмд Өэлүн эхийн цуглуулсан, Их Юань гүрний нийслэлд хатдын бичүүлсэн номын сан байсан гэх боловч үлдсэн нь үгүй. Судар шатдаг, ном нордог, цаас урагддаг учир өвөг дээдэс маань түүхээ бидэнд үүх хэлбэрээр өвлүүлэн үлдээх гэж ихээхэн чармайжээ.
Бичиж үлдээснийг түүх, хэлж үлдээснийг үүх гэнэ. Энэ 2 үгийн ялгааг ч өнөө бид мэдэхээ байж, үүх түүх гэсэн холбоо үг төдий л ойлгодог болж дээ. Болсон, бодит явдлаас чухлыг нь түүж бичсэнийг түүх гэдэг бол тогооноос данханд цай үйхтэй адил нэг хүний санах ойноос нөгөө хүний ой тойнд мэдээлэл үйж хийснийг үүх гэдэг юм гэвэл ойлгомжтой болов уу.
СҮРЭЭР ДАРАГЧ
Үүнийг нуршихын учир ийм. Сүрээр дарагч хэмээх гал морин жилийг монголчууд ихэд бэлгэшээн, хүлээж байна. Ямар нэг гайхамшигтай өөрчлөлт бий болно, бүх юмс сайхан болно, сайн цаг ирнэ гэсэн найдвар олон хүний сэтгэлийн мухарт сүүмэлзэнэ. Үнэхээр тэгэх болов уу? Яагаад хүмүүс ингэж найдаж байгаа юм бол? Юм бүхэн учиртай. Учрыг нь олох гэж үүх түүх ухлаа.
12 жил 5 удаа гарч, нэгэн жаран болно. Монголчууд Сарны хөдөлгөөнд тулгуурлан, цаг тоолол бий болгож, түүнийгээ 60, 60 жилээр хэмжиж иржээ. Анхны жарнаас хойш 17 дахь 60 жилээ бид туулж байна. 1987 онд эхэлсэн XVII жаран 2046 онд дуусаж, 2047 онд XVIII жаран эхэлнэ.
Аль ч жаранд аливаа жил 5 удаа тохионо. Тухайлбал: XVII жаранд морь жил 5 удаа гарна. “Сүрээр дарагч” хэмээх гал морин жил бол XVII жарны 4 дэх морин жил. Зурхайч нар 60 жилд бүгдэд нь “Муу нүүрт”, “Хилэнт эх”, “Элдэв эрдэнэт” гэх мэтчилэн тухайн жилийн онцлогийг илтгэх нэр өгсөн байдаг. Жил бүр өөр өөрийн нэртэй. Жаран дуусаж, дараагийн жаран эхлэхэд уг нэрийг эхнээс нь өгөөд явдаг. 1927 оны улаагчин туулай жил “Сайтар гарсан” гэдэг тодотголтой байжээ. 1987 оны улаагчин туулай жилд тэрхүү “Сайтар гарсан” гэдэг нэрийг өгсөн. Тэгэхээр өмнөх 1966 оны морин жил “Сүрээр дарагч” байсан. Өнөө жил болон 12 жилийн дараах морин жил дахиад “Сүрээр дарагч” байх юм.
“Гандантэгчэнлин” хийдийн зурхайч лам Ч.Очирбат “Сүрээр дарагч гэдэг бол далд утгатай нэр. Ган, зудгүй, өлсгөлөнгүй, амар амгалан жил болохыг хэлж буй юм. Гал морин жилд сайхан жил гарч байгаа. Хууль засгийн хувьд жаахан чанга байж, юм цэгцрэх шинжтэй” гэж тайлбарлажээ.
“Сүрээр дарагч” жилийн сүрд дарагдалгүй, сүлд хийморьтой байя гэвэл Цагаан сараар айл гэрийн өрхийн тэргүүн өтгөсийг өргөх, зочноо дайлах уламжлалт ёсонг баримталбал зохистой. Бууз, баншаа чимхэх, боовоо хийх, ууц, өвчүүгээ чанахдаа ирэх жилийнхээ амны хишгийг сонжино. Мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, бүтэх төрийн бүс, тулах төрийн гутлаа зэхэхдээ ирэх жилийнхээ эдийн хишгийг даллана. Баярын ширээгээ дүүрэн, дэлгэр засаж, ирсэн зочин бүртэй үгийн сайныг хэлэлцэнэ. Айлд ирсэн зочин бүр тухайн айлынхаа баярын ширээг харж, идээнийх нь өнгөөр гэрийн эзний хийморийг, цайных нь амтаар гэрийн эзэгтэйн амны хишгийг шинждэг. Тиймээс айлын гишүүн бүр зочноо хүндлэн дайлахыг дор бүрнээ хичээдэг уламжлалтай.

Зочныг дайлахдаа эхлээд цайгаа барина. Араас нь цагаалга амсуулна. Дараа нь шүүс, махан хоолоор дайлна. Шүүстэй хамт шинэ архи задалж, насны эрэмбээр хундагална. Гэрийн эзэн морь жилийн ерөөл хэлж, дайллагаа албан ёсоор эхлүүлнэ. Хүн бүр ашдын билгийг бодож, уух цай, хүртэх идээндээ “Буцалсан цай нь бурам болог. Буусан айл маань баян болог”, “Буян заяа нь булаг мэт боргилж байг” гэж ерөөнө.
Ерөөл шингэсэн хүнсийг хүн бүр заавал хүртэж, “Сайхан эрчимтэй хүнээс сайн үг сонслоо. Цалгисан буянтай айлд Цагаан сараар шинэллээ” гэж бэлгэшээн, “Буурал өвгөд бултаараа танайд цуглаг. Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж байг”, “Аманд нь амар мэнд бялхаж, Атганд нь азын 4 бэрх багтаж, Өргөөнд тань инээд цалгиж, Өнгөтэй сайхан шинэлээрэй” гэх зэргээр хариу ерөөдөг. Хэрэв хэн нэг нь дэг ёсыг зөрчвөл хийморь нь доройтжээ гэж цэрвэдэг тул хичээх хэрэгтэй.
МОРИН ЖИЛ БА ГАРАГ, ОДДЫН ЖАГСААЛ
Морин жилтэй холбоотой сонин зүйлсийн нэг нь гараг, оддын жагсаал. 1930 оны “Маш согтонги” гэх цагаан морин жилд Монголд хамтралжуулах хөдөлгөөн эхэлж, малчдын малыг хүчээр хамтралд авах болсноор олон монголчууд хил даван нүүж, эх орноосоо дүрвэжээ. Үнэхээр л төрийн удирдагчид согтуу мэт аашилж, согтуу хүнээс л гарах муйхар явдал гарч байжээ. Японы түрэмгийлэгчид 1930 оны эхээр Зүүн хойд Хятадыг эзлэн, Манжго улсыг байгуулж, Халх голын дайны эхлэл тавигдсан байна.
Тэгвэл 1990 оны “Маш согтонги” гэх цагаан морин жилд хүний эр зоригийг тэтгэдэг 2 гараг Дэлхийтэй гурвалжин хэлбэр үүсгэжээ. Гурвалжин дүрс бол галын, хөдөлгөөний бэлгэдэл. Тэр үед Дэлхийн хүмүүс өмнө нь байгаагүй зориг орж, Дэлхийн маш олон улсад бослого, жагсаал, хөдөлгөөн өрнөн, коммунист дэглэм нуран унаж, хүйтэн дайн төгсөв. Монголд тэр үед Ховдын оюутнууд хамгийн түрүүн зориг орж, Ардчилсан хувьсгал ялсан түүхтэй. Гэвч манай улс одоо болтол нэг л хөлөө олохгүй яваа нь “Маш согтонги” жилтэй холбоотой юм болов уу?
2026 оны айсуй морин жилд Ихнаран од, Нар 2-ын дунд Дэлхий байрлаж байгаа. Ийм зэрэгцэл 60 жилд 1 удаа тохиодог. Хоёрын хоёр Нарны эрчмээр тэтгүүлсэн гайхамшигтай хүүхдүүд 2026 онд төрнө. Олныг манлайлах чадвартай, оюун ухаан төгөлдөр, арга билиг тэнцүү, ажилч хичээнгүй, ажлаас хойш суудаггүй, асуудлын голыг олж шийддэг гайхамшигтай үрс мэндлэх нь. Ийм хүүхэд Дэлхийд төрөх нь маш цөөн. Дэлхий даяар морин жилд төрөх сая сая нярай дундаас Монголд мэндлэх үрс хамгийн гайхамшигтай нь байх магадлал өндөр. Яг л Чингис хаан шиг. Олон од, гараг давхацсан үед маш олон чадвартай, олон хүнтэй нийцтэй, олныг манлайлан дагуулах хүн төрдөг гэж өвгөд айлддаг. Баримт гэвэл Чингис хааны төрсөн 1162 оны хар морин жил Бархасбадь, Ангараг, Дэлхий 3 нэг шугамд жагсжээ.
2014 оны ”Ялгуусан” хөх морь жилд Санчир, Сугар, Бархасбадь, Ангараг нэг шугамд байрлан, Дэлхийд ойртон иржээ. Тэр жил Монголд, Дэлхийд юу болсныг уншигч та сонирхоод үзээрэй. Хожим Дэлхийд суу алдраа дуурсгах мэргэн, эрдэмтэн, улстөрч, инженер мэндэлсэн ч юм бил үү.
МОРЬ МОНГОЛЧУУДЫН БЭЛГЭДЭЛ БОЛСОН НЬ
Хүннү гүрний аймгууд нэгэн хуралдайнхаа үеэр өөр өөрийн аймгийн бэлгэдэлт амьдын дүрсийг нийлүүлэн, улсынхаа бэлгэдлийг бүтээжээ. Шувуу шүтдэг аймгуудыг бодож, тэнгэрт амьдардаг амьтан бүтээхээр тогтов. Бүргэд шүтлэгт аймгаас бүргэдийн саврыг авав. Буга шүтлэгт аймгаас бугын эврийг бэлгэдэлдээ багтаав. Чонос овгийг бэлгэдэн, чонын нүд, чихийг улсынхаа бэлгэдэлд шингээв. Ийм маягаар могой биетэй, хайрсан арьстай, гахай шиг хамартай, үхэр шиг магнайтай, ирвэс шиг соёотой, цаа шиг эрүүтэй, гутаар загас шиг сахалтай, хандгай шиг толгойтой амьтан бүтээлээ. Монгол хүн бүр галыг чухалчлах тул өнөө амьтнаа галан сэрвээтэй, галаар тургидаг гэж төсөөлөв. Ингэж бүтээсэн бэлгэдлээ луу гэж нэрлэн, алтаар урлаж, чинүй (хаан)-гийнхээ тэргүүнд залсан гэдэг.
Луу шүтээнт хаад ардаа бодохоо байсан тул Түмэн, Модун чинүй луун бэлгэдлээ сольж, хангарди бүтээжээ. Ингэхдээ шинэ бэлгэдлээ хүний бие дээр тулгуурлан, бий болгов. Хүн биетэй, буган эвэртэй, Нар, Сарыг атгуулж, могой зуулгаж бүтээв. Ард түмнээ мартаж болохгүйг сануулж, түмэн ард нэгдэн босвол хааныг ч хөмөрч чадахыг сануулан, Хангардид могой зуулгасан байна.
Хүннү гүрэн мөхөж, Хангарди “үхсэн” тул хун шувуу, баавгай шүтлэгт харваачдын аймаг бусад аймгаа удирдан, Сүмбэ гүрнийг байгуулжээ. “Хангарди үхэв” хэмээн өөр нэгэн бэлгэдэл бүтээсэн нь галт шувуу юм. Хүннү гүрний суурин дээр Сүмбэ байгуулагдсан тул хааныхаа титмийг луу хэлбэртэй урлаж, ард нь хангарди зүүгдэж буйгаар дүрслэн, орой дээр нь галт шувуу суулгажээ. Энэ титмийг тэргүүн дээрээ тавьсан Атилла хааны өмнө Европ сөхөрсөн түүхтэй. Галт шувуунд хүрсэн хүн бүр шатдаг. Галт шувуу бас үнс болж сарнидаг. Энэ нь Галт шувуу мэт эрх мэдлийг өөрөө барьж дийлэхгүй бол түүндээ мөхнө гэсэн санаа гэнэ.
Гэвч Атилла хаантай хамт галт шувуу сарнижээ. Ард нь үлдсэн монголчууд хийсвэр бэлгэдэл хэрэггүй, хүчгүй юм гээд хүлэг морио бэлгэдлээ болгов. Ертөнцийн жамыг эсэргүүцэхгүйн тулд морийг ямар ч чимэг, нэмэлт хийсвэр дүрслэлгүйгээр шүтэх болжээ. Морь бол юм бүхэн бодитоор оршиж, ертөнцийн хуулийг сахих бэлгэдэл гэнэм.
МОРИН ЖИЛД АГУУ ХҮН МЭНДЭЛДЭГ
Морь бол хурд, эрч хүч, тэвчээр, хийморийн бэлгэдэл. Энэ жилд төрсөн хүн ажилсаг, халуун сэтгэлтэй байдаг гэж зурхайч нар тодорхойлдог. Үүнийг сэтгэлзүйч нар хүлээн зөвшөөрдөг. Ийм ажилч, эрдэмд хичээнгүй, бусдыг гэсэн халуун сэтгэлтэй, ажлыг хойш тавилгүй хурдан хийдэг эрчүүд дундаас Монголдоо манлайлагч, Дэлхийг дагуулагч олон төржээ. Бөртэ чоноос Чингис хаан хүртэлх 23 хааны 9 нь морь, 8 нь нохой, 3 нь бар, 2 нь үхэр, 1 нь туулай жилтэй байна. Үүнийг тохиолдол гэхэд хэцүү. Чухам монголчуудын хэлдэг “Мөнх тэнгэрийн санаа” гэдэг нь энэ биз.
Бөртэ чоно 706 оны улаан морь жил мэндэлжээ. Зарим түүхчид түүнийг 730 оны цагаан морь жил төрсөн гэж таамагладаг. Добу мэргэн 922 оны хар морь жил, Бодончир мунхаг 958 оны шар морь жил, Хабула ханы эцэг Тумбинай сэцэн 1066 оны улаан морь жил төржээ. Их эзэн Чингис хаан 1162 оны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын нэгэнд мэндэлсэн. Түүхчдийн таамаглал заримдаа зөрөх нь бий. Энэ нь Цагаан сартай холбоотой бололтой. Монголчууд өмнө нь Цагаан сарыг намар өдөр, шөнө тэнцэх өдөр, одоогийнхоор бол 9-р сарын 22-нд тэмдэглэж, Цагаан сараар хүн бүр нас нэмдэг байв.
12 жилийг дотор нь эр, эм гэж ангилна. Эр жил 6, эм жил 6 байна. Хулгана, бар, луу, морь, бич, нохой бол эр жил. Дээд тэнгэрийн ивээл морин жилд, дунд тэнгэрийн ивээл нохой жилд, бага тэнгэрийн ивээл үхэр, бар жилд буудаг ажээ. Тэгэхээр “Сүрээр дарагч” хэмээх улаан, гал морин жилдээ өрөөлийн сүрд дарагдалгүй, өөрийн сүрийг бадрааж, гал шиг бадарч, морь шиг хийморьтой явахын тулд хүн бүр монгол ёсоо дагаж, айл бүр Цагаан сараа сайхан тэмдэглэвэл Дээд тэнгэрийн ивээлийг хүртэх ажгуу.
Үүний учир нь “Өөдлөх айл үүднээсээ, дээшлэх хүн үгнээсээ танигддаг”, Усны эх нь булингартай бол адаг нь булингартай”, “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэсэн сургаалд нэвт шингээстэй байдаг. Монгол хүн байна даа. Үгэн доторх үгийг ухаж ойлгох оюун монгол хүн бүрийн гэгээн тархинд бий. Санаа нь зөв байж, заяа нь зөв явдаг монголчууддаа Монголоороо байж, ёсоороо шинэлж, Дээд тэнгэрийн ивээлд багтаж, гал морин жилийн гайхамшгийг хүртэхийг ерөөе!

