2016 оноос хойш эрх баригч МАН 170 гаруй их наяд төгрөгийн төсвийг захиран зарцуулж ирсэн төдийгүй зөвхөн сүүлийн 3 жилд буюу 2024, 2025, 2026 онд нийтдээ 70 гаруй их наяд төгрөгийн төсвийг захиран зарцуулах тооцоо гарчээ. Гэвч энэ их мөнгөний зарцуулалт үр ашиггүй зарцуулагдсан байна хэмээн Ардчилсан нам дүгнэж байгаагаа зарлаж байна. Өвлийн ид хүйтний өдрүүдэд цахилгааны хязгаарлалт хийж ард түмний нуруун дээрх ачааны жинг нэмж, иргэдийн амьдралын чанарыг унагасан эрх баригчдад хариуцлага ярих цаг болсныг Ардчилсан нам санууллаа.
Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын гишүүн Ө.Шижир Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах асуудлыг тавьж буйгаа зарласан. Ө.Шижир гишүүний уг шаардлагыг хэрэв засгийн газар хүлээн авахгүй бол Ардчилсан нам 30 сайдтай, данхар том бүтэцтэй засгийн газрыг огцруулах асуудлыг тавих болно гэдгээ мэдэгдсэн юм.


