Хөвсгөлийн тайга, голуудын эхээр цас их орж, хүйтний эрч эрс чангарч байна. Энэ нь зэрлэг амьтдад идэш тэжээл олоход хүндрэл учруулж байгаа юм. Ялангуяа зэрлэг гахайн хувьд хөлдүү хөрс, зузаан хөр цасыг хоншоороороо ухаж, идэш тэжээлээ олоход бэрх болжээ. Үүнээс болоод зэрлэг гахай идэш тэжээлийн хомсдолд орж байгаа аж.
Тиймээс Улаантайгын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа төлөвлөгөөт ажлын дагуу зэрлэг гахайн гүйдэл бүхий цэгүүдэд идэш тэжээл тавьж өглөө. Энэ нь уг амьтны амьд үлдэх чадварыг дэмжинэ. Нэмэлт тэжээл нь амьтдын биеийн эрчим хүчийг нөхөж, өвлийн хатууг хохирол багатай даван туулахад тусалдаг. Бас ирээдүйн үр төлийг нь хамгаална. Эх амьтад тэжээлээр дутагдсанаас болж хавар гарах үр төл эндэх эрсдэлтэй.

Байгаль хамгаалагчид хариуцсан газар нутагтаа хяналт шалгалт, ажиглалтыг тогтмол хийж, зэрлэг амьтдын хорогдлоос урьдчилан сэргийлж байна.

