horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Л.Оюун-Эрдэнийн үеийн засаг дарга нараас 2 дахийг нь солилоо

post-img

Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2026 оны анхны хурлаа өчигдөр /2026.01.29/ хийж, тус аймгийн засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулав. Уг хуралд тус аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчөөс 40 нь оролцжээ. МАН-ын 5, АН-ын 18, ХҮН-ын 1 төлөөлөгч Н.Лхагвадоржийг огцруулах саналыг дэмжсэн байна. Сэлэнгэ аймгийн ИТХ дээрх шийдвэрээ Ерөнхий сайд Г.Занданшатарт уламжилна. Түүний дараа дараагийн засаг даргыг тус аймгийн ИТХ сонгоно.

Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил 2021 онд “Эрүүл мэндийн шалтгаанаар” хэмээн өөрийн хүсэлтээр ажлаа өгч, оронд нь Н.Лхагвадоржийг тус аймгийн ИТХ засаг даргаар сонгож, тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламжилсан. 2024 онд тус аймгийн ИТХ-ын хуралдааны үеэр заалнаас нэрээ дэвшүүлж, 51%-ийн саналаар дахин сонгогдсон.

Сэлэнгэ аймгийн ИТХ нийт 41 гишүүнтэй. 2024 сонгуулиар МАН 21, АН 19, ХҮН 1 суудал авчээ. Тус аймгийн ИТХ-д олонх болсон МАН төлөөлөгч А.Дашбатыг засаг дарга болгохоор нэр дэвшүүлсэн ч Н.Лхагвадорж АН-ын төлөөлөгчдийн дэмжлэгийг авч, заалнаас нэрээ дэвшүүлэн, засаг дарга болсон түүхтэй. 41 төлөөлөгчийн 21 нь Н.Лхагвадоржид, 19 нь А.Дашбатад санал өгч, 1 төлөөлөгч саналын хуудсаа хүчингүй болгосон байдаг. АН-ын 19, ХҮН-ын 1 төлөөлөгч дээр Н.Лхагвадорж өөрөө өөртөө санал өгч, засаг дарга болсон гэдэг. Үүнээс үзвэл МАН-ынх нь төлөөлөгчид түүнийг огт дэмжээгүй аж. Намынхаа бодлогыг сөрсөн хэмээн түүнийг МАН-ын олон төлөөлөгч шүүмжилсэн ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүний Сэлэнгэ аймгийн засаг дарга хэмээн батламжилсан юм.

Н.Лхагвадорж 2012-2016 онд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бие төлөөлөгч, 2016-2021 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг дарга, 2020 оноос Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2021 оноос аймгийн МАН-ын хорооны дарга, аймгийн засаг даргаар ажиллаж байв.

Үүнээс 2 сар шахмын өмнө Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайханыг үүрэгт ажлаас нь Г.Занданшатар чөлөөлж, Ерөнхий сайдын ажлын албанд шилжүүлэн авчирсан. Д.Мөнхсайхан 2020-2024 онд тус аймгийн засаг даргаар ажиллаж, 2024 оны аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дараа улиран ажилласан юм.

Баянхонгор аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа Д.Мөнхсайхан Төрийн албаны зөвлөлөөс өгсөн удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалтгүйгээр, хуульд заасан шаардлага хангаагүй иргэн Э-г 2021 онд томилсон асуудалд холбогдож байв. Үүнийг нь АТГ шалгаж тогтоосон юм. Энэ нь илэрмэгц Д.Мөнхсайхан Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э-г буцаан чөлөөлөхдөө эрүүл мэндийн шалтгаанаар хэмээн үндэслэлээ бичиж, албан тушаалын 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэжээ. Энэ нь бусдад давуу байдал бий болгож, Авлигын эсрэг хууль зөрчсөн болохыг АТГ шалгалтаар тогтоосон байдаг. Уг шалгалтын явцад Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан хууль бус шийдвэрээ хүчингүй болгож, Э-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Баянхонгор аймгийн ИТХ 2025.12.01-нд ээлжит IX хуралдаанаараа Э.Энхбатыг аймгийн засаг даргаар ажиллуулахаар сонгосон. ИТХ-ын 35 төлөөлөгч 100 хувийн саналаар түүнийг сонгожээ.

Э.Энхбат нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдсон, 2020-2025 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажилласан бөгөөд аймгийн Засаг даргаар томилж ажиллуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэрийг уламжилж, 2025.12.05-нд түүнийг Ерөнхий сайд Г.Занданшатар албан ёсоор батламжилсан юм.

0/1000