horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Гишүүд, сайд нарын илбэдсэн төсөв

post-img

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд нийт 11.1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, 3.28 их наяд төгрөгийн санхүүжилттэй, хөрөнгө оруулалтын 738 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр УИХ баталсан. Төсвийн төсөлд анх тусгасан төсөл, арга хэмжээний тоо 159-өөр, нийт төсөвт өртөг 1.5 их наядаар, 2026 онд олгох нийт санхүүжилт 12.86 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг “Нээлттэй нийгэм” форумаас 1-р сарын 30-нд зохион байгуулсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтад анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт судлаач Д.Баярмаа танилцууллаа. Мөнгөгүйгээ гайхаж, бүгдийнх нь бүсийг чангалж байгаа Засгийн газар анх цаасан дээр бичин их хурал, олон нийтэд танилцуулснаасаа өөр төсөв УИХ-аар батлуулсан байна. “Миний тойрогт соёлын төв барьж өгөхгүй бол төсвийг чинь баталж өгөхгүй” гэх мэтээр Засгийн газрыг барьцаалан, тойргоо усалдаг гишүүд сурсан зангаараа, гаршсан мэхээ хийсэн байж ч мэднэ.   

Улсын төсвөөр энэ онд 296 төсөл, арга хэмжээг шинээр хэрэгжүүлнэ. 3.5 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй эдгээр төсөл, арга хэмжээний санхүүжилт 1.3 их наяд төгрөг. Төсөлтэй нь харьцуулж харвал, шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний тоог 147-оор нэмжээ. Төсөлд байсан 8 төсөл, арга хэмжээг хасаж, байгаагүй 155 төсөл, арга хэмжээг хаанаас ч юм гаргаж ирсэн байна. Үүнийг дагаад нийт төсөвт өртөг нь 1.28 их наяд төгрөгөөр, 2026 онд олгох нийт санхүүжилт 227.8 тэрбум төгрөгөөр өсжээ.

Шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ:

  • 175 барилга байгууламж – 2.68 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, 732.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй
  • 90 тоног төхөөрөмж – 687.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 499.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй
  • 19 их засвар – 98.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 43.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй
  • 7 ТЭЗҮ – 35.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 26.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй
  • 5 цахим систем – 33.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 11.2 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй

Шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний тоогоор Боловсролын сайд, Зам, тээврийн сайд, ССАЖЗ-ын сайд, Эрүүл мэндийн сайд, ХЗДХ-ийн сайд, ХББОС-ын сайд, ХХААХҮ-ийн сайд, Эрчим хүчний сайд, БОУАӨ-ийн сайд, Шадар сайд тэргүүлж байна. Хамгийн олон буюу 63 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх нь Боловсролын сайд. Зам, тээврийн сайдад 42 төсөл, арга хэмжээ оноожээ.

Харин мөнгөний тухайд хамгийн ихийг нь доорх сайд нарт хуваарилжээ. Үүнд:

  • 30.8 хувь нь Зам, тээврийн сайдад,
  • 10.4 хувь нь Боловсролын сайдад,
  • 10.2 хувь Эрчим хүчний сайдад,
  • 10.1 хувь Эрүүл мэндийн сайдад,
  • 8.3 хувь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад,
  • 30.2 хувь нь бусад төсвийн ерөнхийлөн захирагчдад

Сайд нараас Зам, тээврийн сайдын шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тоо, төсөвт өртөг, санхүүжилт хамгийн их нэмэгджээ. Түүний төсөл, арга хэмжээний тоо 33-аар, нийт төсөвт өртөг 624.7 тэрбум төгрөгөөр, 2026 онд олгох нийт санхүүжилт 139.5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайд, Эрчим хүчний сайд, ССАЖЗ-ын сайд нарын шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тоо, төсөв, 2026 онд олгох нийт санхүүжилт нэмэгдсэн бол БОУАӨ-ийн сайдын төсөв, тоо өссөн ч энэ жил олгох санхүүжилт багасжээ.

Шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тоо, байршил

  • Аймгуудад 147,
  • Улаанбаатар хотод 82,
  • Тодорхой байршил заагаагүй 40,
  • Бүсүүдэд 27

Улаанбаатар хотод шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний тоо 36-аар, аймгуудынх 91-ээр, бүсүүдийнх 20-оор нэмэгджээ. Улсын хэмжээнд шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний тоо хэвээрээ ч нийт төсөвт өртөг 69.6 тэрбум төгрөгөөр, нийт санхүүжих дүн 74.4 тэрбум төгрөгөөр буурч батлагдсан байна.

0/1000