Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгАсаргаа шаардлагатай иргэдийн амьд явах эрхийг хүн чанарт даатгасаар байх уу?
- 2026/01/30

- 5 цаг 8 минутын өмнө

- 3 мин уншина

Улсын хэмжээнд асаргааны тэтгэмж авдаг 82.873 хүн бий. Нас нь доройтож, бусдын асаргаанд орсон ахмадууд, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус, осол гэмтлээс үүдэж хөгжлийн бэрхшээлтэй болж бусдын асаргаанд орсон иргэд үүнд багтаж байна. Хэвтэрт орсон өндөр настнуудыг үр хүүхэд нь гол төлөв асардаг бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ голдуу ээжүүд бүтэн цагаар асарч байна.

Хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг нь эмч нарын зөвлөгөөнөөр баталсан иргэдэд төрөөс сар бүр 330 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Харин эрүүл, бага насны хүүхдээ асарч, гэртээ суугаа ээжүүдэд улсаас сард “Цалинтай ээж” нэрийн дор 50 мянган төгрөг өгч байна. 3000 төгрөгөөр талх авч хүрэхээ больсон өнөөдрийн нийгэмд бүтэн сарын хоол, байрны хэрэгцээ 50-300 мянган төгрөгт багтана гэдэг боломжгүй. Гэсэн ч хайртай дотно хүнээ асарч тойглох хүнд ажлыг ялархалгүй үүрсээр яваа нь тэдний гэр бүл, ойр дотно хүмүүсийн хүн чанар.

Олон улсад хүүхдээ асардаг эхчүүдийн хөдөлмөрийг өндөр үнэлдэг жишиг байна. Тухайлбал Финландад бага насны хүүхдээ гэртээ асарч байгаа ээжид сард 338 евро олгодог бол Францын ээжүүд өдөрт 86 евротой тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг. Харин Герман улс хүүхдээ төрүүлэхээс өмнө олдог байсан орлогынх нь 60 гаруй хувьтай дүйх хэмжээний мөнгөн тэтгэмж олгодог жишиг байна. Харин манай улс бага насны хүүхдээ асарч байгаа ээжүүдэд хандуулах анхаарал, зарцуулж байгаа тэтгэмжийнхээ хэмжээг олон улстай харьцуулахад ичмээр бага.

Ахмад настнуудын хувьд хараа муудах, сонсголоо алдах, хөл гарын хөдөлгөөн саажих зэрэг хэвийн амьдралын хэв маягаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эгнээ рүү гулсан орох эрсдэл өндөр.

Насны доройтолд орсон тэднийг үр хүүхдүүдээс нь арай хүн чанартай нь асраад үлдэх хүндхэн үүрэг хүлээдэг. Түүнчлэн жилд зам тээврийн болон хөдөлмөрийн ослоос болж, 8-9 мянган иргэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жагсаалтад шилжин, бусдын асаргаанд орж байна.

Тэднийг асрах үүргийг мөн л ар гэрийнхэн нь хүлээж, ажил хийх боломжоо алдан, нийгмээс тусгаарлагдаж байгаа юм.

Асаргаанд орсон хүн асарч байгаа иргэдийн олонх нь хөдөлмөрийн насны иргэд байна. Тэднийг ажил хийлгүй ар гэрийнхнээ асарсны төлөө төр ямар нэгэн байдлаар дэмждэггүй. Гэтэл хөрөнгөтэй, орлоготой малчдын нийгмийн даатгалын шимтгэлийнх нь 50 хувийг төр даадаг. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүн асарч байгаа иргэдэд хөдөлмөрийн түүх огт бичигдэлгүй, юм юмны ард орхигдож үлдсээр байна.

Өнөөдрийн байдлаар төрөөс олгодог халамжийн тэтгэмжийг 83 мянган иргэн хүртдэг бол хөгжлийн бэрхшээлтэй эсвэл байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тоо улсын хэмжээнд 13 мянгаар тоологдож байна. Халамжийн тэтгэмжийн хэмжээ сард 478 мянган төгрөг бол асаргааны тэтгэмж 330 мянган төгрөг. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг гээд тооцвол гэрийнхнээ асарч яваа хүмүүст цалин, урамшуулал битгий хэл бусдын асаргаанд амьдарч байгаа хүний наад захын хэрэгцээг хангаж дийлэхгүй бага мөнгө очиж байна гэсэн үг.

Бусдын тусламжгүйгээр бие засах, хооллох ундлах, гарч орох зэрэг наад захын хэрэгцээгээ хангаж дийлдэггүй хүмүүсийн амьд явах эрхийг үндсэндээ цалин хөлсгүй гэрийнхэн нь дангаараа үүрч явна.

Өнөөдөр Монгол Улсын хууль эрх зүйн хүрээнд асаргааны хөдөлмөр эрхлэгчийн хөдөлмөрийг үнэлсэн ямар нэгэн хууль, журам байхгүй. Асаргааны тэтгэмжийг тэтгэвэр, тэтгэмжийн хуулиар зохицуулж байна.

Асаргааны үйлчилгээний хуулийн төслийг шинээр санаачилж, өдгөө хэлэлцүүлгийн шатандаа яваа ч уг хуулинд асаргаа шаардлагатай иргэдэд тулгамдсан олон асуудлыг тусгах ажил дутуу дулимаг байгаа юм. Асаргаа шаардлагатай иргэдийн амьд явах эрх сайхан сэтгэлтнүүдийн хүн чанар дээр дэнжигнэж явааг төр засаг анхаарах л хэрэгтэй. Тэр цаг хэзээ вэ?

- Шинэ
- Хандалттай