Улаанбаатар хотын иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ундны усны хэрэгцээг урт хугацаанд тогтвортой хангах зорилгоор хэрэгжүүлж буй “Усны компакт” төслийн хүрээнд байгуулсан Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр бүрэн ашиглалтад ороход бэлэн боллоо. Сонгинохайрхан уулын бэлд барьсан уг үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц 99.9%-д хүрчээ. Одоо тоног төхөөрөмжийн туршилт, тохируулгын ажил үргэлжилж байна.
Уг төслийн хүрээнд Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн, ундны усны 30 гүний худаг бүхий 2 шинэ эх үүсвэр бий болгож, ус дамжуулах 55 км шугам хоолой татан, дэвшилтэт технологи бүхий гүн цэвэршүүлэх үйлдвэр байгууллаа. Гүний худгийн насосууд 72–74 л/сек хүчин чадалтай. Монгол Улсад хамгийн өндөр хүчин чадалтай гүний худгийн насосуудын нэг. Усыг 30–70 метрийн гүнээс татна.
Монгол Улсад анх удаа микротуннелингийн аргаар гол доогуур шугам хоолой тавьсан юм. Төмөр зам болон Туул гол доогуур нийт 1546 м хоолойг микротуннелингийн аргаар суурилуулжээ. 600 мм-ийн голчтой 30 гүний худагт шүүрүүлэх материалыг анх удаа шилэн бөмбөлөг ашиглан гүйцэтгэж уламжлалт хайрган шүүлтүүрээс татгалзсан нь шинэ технологи байлаа.
Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ус хангамжийн хүчин чадал жилд ойролцоогоор 50 сая м³-ээр нэмэгдэх бололцоо бүрдсэн байна. Энэхүү төслөөр суурилагдсан ус гүн цэвэршүүлэх байгууламжийн технологи нь ирээдүйд гадаргын усыг цэвэршүүлэх үндсэн технологи болох учраас Монгол Улсдаа анхдагч нь болж байна.

