Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах эрх зөрчигдөхийн зэрэгцээ эрүүл мэндийг нь хохироож байгаа талаар нэгэн иргэн олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ерөнхий боловсролын сургуулийг мөнхийн цэвдэгтэй газарт барьсан. Мөн тухайн сургуулийн барилгыг барьсан болон хүлээн авсан байгууллага хариуцлагагүй хандсанаас хүүхдүүд ангидаа гадуур хувцастайгаа сууж хичээллэдэг.
Иймд цахилгаан нэмэлт халаалт шийдэхийг өгөхийг нэгэн иргэний зүгээс хүсжээ. Тус сургуулийн барилга хүйтэн байхаас гадна хана нь цуурч, самбар арчихаар ус хөлдөж, сурагчид гадуур хувцастай, бээлийтэй хичээллэж байгаа.

Мөн сурагчдын 85 хувь нь бөөрний өрөвсөлтэй гарсан талаар Хөвсгөлийн өнгө сайт мэдээлжээ. Мөн тус сургуулийн сурагчдын зүгээс “Манай сургууль нь маш их хүйтэн, жил ирэх тусам л хүйтэн болж бид суралцахад маш их бэрхшээлтэй болсон. Хичээллэх дулаан анги танхимгүйгээс даарч ханиад хүрдэг. Удаан хугацаанд ханиад эдгэхгүй явдаг, хөл их даардаг болохоор нуруу их өвддөг. Бидний эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрх үнэхээр зөрчигдөж байна. Бид дулаан анги танхимд сурмаар байна” гэжээ.



