“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл олон улсад сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр тус компанийн гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг 2025.11.25-нд томилсон. С.Мөнхсүх 2026.02.01-нд ажлаа хүлээж авчээ.
Тэр 2012 онд “Оюутолгой” компанид ажилд орж, 2015 онд “Рио тинто” групп рүү шилжин, оролцогч талуудын харилцаа, түншлэл, хамтын ажиллагааг хариуцаж байжээ. “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө “Рио тинто”-гийн Ази, Номхон далайн бүсийн өсөлт, хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байв. Энэ хугацаандаа Зэсийн группийн төслүүдийг тус бүс нутагт тэлэхэд чиглэсэн түншлэлийг хөгжүүлэх, томоохон төслүүдийг амжилтад хөтлөх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах компанийн санаачилгуудыг идэвхжүүлэх ажлыг гардан гүйцэтгэсэн. Тухайлбал, тэрээр Австрали дахь Вину зэс алтны уурхайн төслийг урагшлуулан эрчимжүүлсэн аж.

