ХУД-ийн 23-р хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд үзүүртэй төмөр хашааг давах үед буга гэмтэж, үхсэн. Газрын үзлэг болон бусад дүрс бичлэгээр тусгай хамгаалалттай газар нутгийн стандартын шаардлага хангаагүй үзүүртэй хашаанд буга гэдсээ гэмтээж, цус, үс үлдсэн ул мөр илэрснийг баримтжуулан хяналт шалгалтын ажил явуулж байна. Богд уулын энгэр орчмыг хашаалснаас үүдэн амьтад гарч чадахгүй, эрсдэл бий болж байгаа асуудалтай холбогдуулан Хотын дарга Х. Нямбаатар мэдэгдэл хийлээ.
Х.Нямбаатар “Амралтын өдрүүдэд Богд уулын амыг хашаалсантай холбоотой амьтад явах гарцгүй болж, үсэрч харайгаад бэртэж байгаа бичлэг цахим орчинд түгсэн. Энэ асуудал өчигдөр үүсчхээгүй юм. Олон жилийн турш үргэлжилж байна. Газар олголтыг нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам отог нэрээр хийж, хор уршгийг нь хотоороо амсаж ирлээ. Менежментийг хот авч явъя гээд дийлээгүй.
Харин хотын хойд талын зуслангийн бүсийн газар олголтыг хотоос хийсэн. Одоо эдгээр хашааг цэгцэлнэ. Мал, амьтан байтугай хүн явах эцэсгүй болж байна. Хүүхдүүдээ аваад салхилуулдаг, чөлөөтэй алхдаг болгох ажлыг бүх дүүргийн зуслангийн бүсэд зохион байгуулна” гэлээ.


