Жүжигчин, уран бүтээлч С.Пүрэвмаа үндэсний хувцасны өдөр тутмын загварын “Өмсгал” бие даасан үзэсгэлэнгээ Уран зургийн галерейд нээлээ. Түүнийг олон нийт “Би чамд хайртай” уран сайхны киноны Үрлээгийн дүрээр сайн мэднэ.
Тэрбээр 30 гаруй жилийн турш үндэсний хувцасны өдөр тутмын загварыг судалж, Монголын өв соёлыг орчин үеийн амьдралтай хослуулан бүтээжээ. “Өмсгал” хэмээх нэр нь Өмс/Гал буюу өмсгөлөөрөө өөрийгөө хамгаалж, амьдралын эрч хүчийг тээх гэсэн утга санааг илэрхийлнэ.
Үзэсгэлэнд дээл, монгол цамц, өмд, цүнх, малгай, бүс зэрэг 20 гаруй өмсгөл дэлгэжээ. Эдгээр нь биед эвтэйхэн, хөнгөн, байгалийн гаралтай материалтай, амьтны гаралтай түүхий эдээр бүтээсэн байна. Тус үзэсгэлэн энэ сарын 7 хүртэл үргэлжлэх аж.



