horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Номын санч нарыг сонгуулийн боловсрол олгох сургагч багш болгоно

post-img

Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний номын сан, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран Үндэсний номын санд Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим ажиллуулж байна. Уг танхим Үндсэн хуулийн эх баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит.

Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний номны сан хамтран 1-р сарын 30-нд 21 аймгийн номын сангийн захирал, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулахдаа орон нутаг дахь номын сангаар дамжуулж, сонгогчдод сонгууль, улс төрийн боловсрол олгох санал тавьжээ. СЕХ аймаг, нийслэлийн номын сангуудад сонгуулийн боловсрол олгох мэдээ мэдээлэл, ном товхимол, гарын авлага, сэтгүүл тавьж, уншигчдад санал болгохын зэрэгцээ үйлчлүүлэгч, залуу сонгогчдоос судалгаа авах, судалгааны дүнд үндэслэн сонгуулийн боловсрол олгох арга зүйгээ тодорхойлох боломжтой гэж үзэж байна.

Уг саналыг орон нутгийн номын санчид дэмжин хүлээж авчээ. Тухайлбал: Дархан-Уул аймгийн төв номын сангийн захирал Л.Мөнхбаатар “Ээлжит болон нөхөн сонгуулийн үеэр орон нутагт сонгуулийн үйл явдлын мэдээ түгээдэг. Сонгогчдын сонгуулийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагаа байнгын байж хариуцлагатай, хэрсүү сонгогчийг бэлтгэнэ. Тиймээс нийслэл, 21 аймгийн номын сангийн мэргэжилтнүүдийг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэх шаардлагатай” гэжээ. Ингээд нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэхээр санал нэгдэж, сургалтыг 2026 оны 5-р сараас эхлэхээр боллоо.

0/1000