Улаанбаатар хотын “Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд талын 4 замын уулзварт 2024 оны 1-р сард хий тээвэрлэж явсан автомашин “Patrol” маркийн машин хоорондоо шүргэлцэж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирсон осол гаргасан. Энэ явдлаас хойш төр засгаас уг дэлбэрэлтэд өртсөн 207-р байрны оршин суугчдад байр түрээслэх мөнгө олгож байгаа. Уг байрыг нурааж, шинээр барих гэж байна.
Тэгвэл уг дэлбэрэлтийн үеэр золгүй байдлаар амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн төр засагт гомдолтой байгаа талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Тэдний хувьд өнгөрөгч 1-р сарын 24-нд мэдээлэл хийж, төрийн 3 өндөрлөгт хүсэлт хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул дахин мэдээлэл хийлээ.
Э.Очир: Төр иргэдээ ялгаварласан
Иргэн Э.Очир:
-Энэ бол гамшиг. Тус хэргийн шүүхийн анхан шатны хэлэлцүүлэг 2025 оны 4-р сард болсон. Гэтэл хэрэг гарснаас хойш биднээс огт мэдүүлэг аваагүй. Биднээс хэн ч гуйгаагүй. 207-р байрны оршин суугчдыг хохирогч гэж үзсэн атлаа биднийг ялгаварласан. Дахиад хэн нэгэн ийм санамсаргүй байдлаас болж бүү хагацаасай. Энэ таагүй явдалд төр засаг буруутай. Хэрэв зам, барилга гээд стандарттай байсан бол ийм харамсалтай явдал болохгүй. Гэтэл осол гарсны дараа стандарт бус замыг засаж байгаа юм. Осол гарахаас өмнө засчихгүй дээ.
Б.Гантулга: Ээж минь аавыг өнгөрснөөс хойш маш их бэтгэрдэг болсон

Иргэн Б.Гантулга:
-Дэлбэрэлтийн үеэр аавыгаа алдсан. Төрөөс биднийг анхаартал шаардлага хүргүүлнэ. 207-р байрны асуудлыг шийдчихээд биднийг яагаад орхив. Осол болсон үед сэтгэл санааны хохирол гэж яригдсан ч авч чадаагүй. 18 сарын дараа шүүх эмнэлэгт очиж, хохирлоо тогтоолгосон. Гэвч өнөөдрийг хүртэл 1 ч төгрөг аваагүй.
Хэрэг нь шийдэгдэхгүй 4 жил боллоо. Ээж минь аавыг өнгөрснөөс хойш ганцаараа гэртээ байж чадахгүй маш их бэтгэрдэг болсон. Ямар ч стандарт нормгүйгээс ийм зүйл болсон. Тиймээс төр засаг биднийг анхаарах ёстой.

