Улсын төсвийн хөрөнгө оруулалтад анхаарах асуудлаарх хэлэлцүүлгийг Нээлттэй нийгэм форумаас зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт тус байгууллагын захиалгаар “Зэт Файнаншил энд Инвестмент Консалтинг” ХХК-ийн судалгааны багийн зүгээс хийсэн “2020-2024 онд эхэлсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын судалгаа”, судлаач Д.Баярмаа “Монгол Улсын 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын төсөл ба батлагдсан төсвийн харьцуулсан шинжилгээ”-ний дүнг тус тус танилцуулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг оновчтой болгох чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Хэлэлцүүлэгт Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын газар, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар, Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газар, Шадар сайдын Ажлын алба, Авлигатай тэмцэх газар, Монголын барилгачдын нэгдсэн холбоо болон иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын зардал 2020 онд 1.3 их наяд төгрөг байсан бол 2024 онд 3.8 их наяд төгрөг болжээ. Хөрөнгө оруулалтын төслүүд холбогдох хуульд заасан төлөвлөлтийн шаардлагыг хангахгүй байх, хэрэгжилт удаашрах, улмаар төсөвт өртөг нэмэгдэх зэрэг асуудал гарч байгааг төрийн аудитын дүгнэлт болон иргэний нийгмийн зүгээс хийсэн ажиглалт, судалгаанаас харж болно. Ийнхүү төсвийн хөрөнгө оруулалт, төлөвлөлт оновчтой бус, үүнээс улбаалан хэрэгжилтийн явцад төслүүдийн өртөг зардал өсөн нэмэгдэж байгаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр нөлөөг бууруулахад хүргэж ирлээ хэмээн дүгнэжээ.


