20 минутын хот. Социализмын лоозон шиг, хэзээ ч биелэхгүй мөрөөдөл мэт санагдах энэ үзэл баримтлалыг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр хоолой нийлүүлэн ярьснаас хойш 2 жил өнгөрч байна. “20 минутын хот” үндэсний хороо хүртэл байгуулж, 15 хүнтэй ажлын албатай хүртэл болсон. Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирж, хамгийн түрүүнд татан буулгасан 15 хороо, 14 зөвлөл дотор “20 минутын хот” үндэсний хороо багтсан юм. Төрийн ордноос нэг нь явсан ч Хангарди ордонд үлдсэн үеэл нь Сэлбэ 20 минутын хот байгуулах ажлаа явуулсаар байна. Өвөл зогссон ажил одоо 3-р сарын 6-наас эхэлнэ.
Улаанбаатар хотын захаас төв ороход 2 цаг, зүүн захаас баруун зах хүрэхэд нийт 4 цаг явдаг. Явган биш, машинаар шүү дээ. Хотод ирж үзсэн хөдөөнийхөн зах зухаас нь биеэрээ мэдэрсэн, огт ирж үзээгүй нь байнга сонссоор дөжирсөн энэ түгжрэлдээ улаанбаатарынхан үнэндээ туйлдаж байна. Үүнийг шийдэхээр үе үеийн Ерөнхий сайд, хотын захирагч нар элдэв үлгэр ярьдаг ч итгэх хүн ч үгүй болжээ. Тэр олон үлгэр дундаас Сэлбэ хотын үлгэр харин амар сайхан жаргах мэдэх шинжтэй.
Улаанбаатарт байгуулах дагуул хотууд:
- Сүхбаатар,
- Баянгол,
- Хан-Уул,
- Сонгинохайрхан,
- Баянзүрх,
- Яармаг,
- Буянт-Ухаа
- Сэлбэ,
- Баянхошуу,
- Дэнжийн мянга,
- Өнөр,
- Толгойт,
- Дарь-Эх,
- Амгалан
Эдгээр хотоос Баянхошуу, Сэлбэ хотыг байгуулж эхлээд байна. Үүнээс Сэлбэтэй танилцъя.
ЯАГААД 20 МИНУТ ГЭЖ?
Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14-р хорооны 158 га талбайд Сэлбэ 20 минутын хотыг байгуулж байна. Хүн дунджаар явганаар 1 цагт 5 км зам туулдаг. 1 минутад 83.3 м зам туулна гэсэн үг. Сэлбэ хотын хамгийн баруун захаас зүүн зах хүртэл 21 минут, хамгийн хойд захаас урд зах хүртэл 21 минут алхана гэж тооцжээ.
Энэ хотыг нийт 7 тойрогт хувааж, тойргийн 1 захаас нөгөө зах хүртэл 7 минут алхахаар тооцжээ. Тойрог бүрт 1 цэцэрлэг байгуулна. Нийт 7 цэцэрлэг, 5 сургуультай байна. Одоо 1140 сурагчийн 2 сургууль, 520 хүүхдийн 2 цэцэрлэг энд бий. Үүн дээр нэмж, 2520 сурагчийн 2 сургууль, 1200 хүүхдийн 5 цэцэрлэг барина. Үүнээс 1 сургууль, 3 цэцэрлэгийг нь өнөө жил барьж эхлэхээр улсын төсөвт зардлыг нь тусгажээ.
Тэгэхээр Сэлбэ хотын оршин суугчид 1-7 минут алхаад хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, эмнэлэг, хороо, цагдаа, төрийн үйлчилгээний нэг цэг орох боломжтой юм байна. Одоо энд 2 хороо, өрхийн 2 эмнэлэг, Нэг цэгийн үйлчилгээний 1 төв бий. 45-50 мянган хүн энд байнга оршин суух тул одоо байгаа хороо, өрхийн эмнэлэг, Нэг цэгийн үйлчилгээний төвийг өргөтгөж, хүчин чадлыг нь нэмэхээр төлөвлөжээ. Мөн хувийн эмнэлгүүд өөрсдийн хөрөнгөөр өрхийн эмнэлэг барих, зэрэгцүүлээд хувийн эмнэлгээ байгуулах санал ирж байгаа аж.
Энэ талаар “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн Бизнес хэлтсийн дарга Л.Ундрал “Дэлхийн 120 улсад 20 минутын хот бий. Одоо дахиад 80 ийм хот байгуулж байна. Үүний 1 нь Сэлбэ. Сэлбэ хотын нийт газар нутгийн 39% буюу 62.6 га талбайд нь мод, сөөг, зүлэгтэй цэцэрлэг байх юм. Сэлбэ голын эрэг дагуу явган хүний 17.2 км зам тавина” гэж танилцууллаа.
ГАЗАР ЧӨЛӨӨЛСӨН АЙЛУУД БАЙРАНД ОРОХ УУ?
Гэр хорооллын газрыг чөлөөлөх замаар Сэлбэ хотыг байгуулж буй. Одоогоор чөлөөлөх ёстой газрын 94.4%-ийг чөлөөлөөд байна. 2206 нэгж талбар чөлөөлөхөөс 1877-г нь чөлөөлсөн бол эмнэлэг, хороо, сургууль, цэцэрлэг байгаа чөлөөлөх шаардлагагүй 211 нэгж талбар байна. 118 нэгж талбарыг чөлөөлөх үлджээ.
Үүнийг ангилбал:
- 46 нь зөвшилцөж байгаа
- 29 нь татгалзсан
- 35 нь газрын нөхөн олговрын мөнгөө голсон
- 1 нь бичиг баримтын зөрчилтэй
- 7 нь маргаантай
Агаар, хөрс, усны бохирдлыг багасгахын тулд гэр хорооллыг барилгажуулдаг. Тиймээс гэр хорооллын ямар ч айл газраа орон сууцны урьдчилгаанд өгдөг байх нь чухал. Айл бүр газраа байрны урьдчилгаа болгож өгөөд, уг газар дээр нь барих орон сууцанд орж, үлдсэн төлбөрөө банкны зээлээр төлбөл гэр хорооллыг орон сууцжуулах зорилго биелнэ. Тэгэхгүй Сэлбийн айл газраа чөлөөлж авсан мөнгөөрөө Дамбадаржаад хашаа авбал яндан, жорлон буулгах үндсэн зорилго биелэхгүй.
Сэлбэ 20 минутын хот корпорацынхан ч газраа чөлөөлөх айлуудад Сэлбэ хотын орон сууцанд орох боломжийг санал болгож байгаа аж. Гэвч орон сууцны зээлийг банк олгодог. Сэлбэ 20 минутын хот корпорац байрны зээл олгохгүй. Тиймээс иргэд газраа байрны урьдчилгаанд өгч болох ч үлдсэн зээлээ банкнаас авна. Зээлээ сар бүр төлөөд явах орлоготой байх шаардлагатай. Гэвч байнгын орлогогүй, орлого хүрэхгүй гэдэг шалтгаанаар банкны шалгуурт тэнцэх айл тэр бүр олох биш байгаа бололтой.

