Газар хөдлөлтөд тэсвэргүй, олон жил ашигласан барилга, байгууламж манай улсад олон байна. Энэ нь газар хөдлөлтийн аюулын улмаас учирч болох эрсдэлийг нэмэгдүүлж буй гол хүчин зүйлсийн нэг. Нийслэлд 2002 оноос өмнө барьсан 1844 барилгын 53 хувийг ОБЕГ паспортжуулжээ. Үүний 683 нь орон сууцны зориулалттай барилга. Үүний 14 хувийг нь хүчитгэх шаардлагатай бол 59 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үнэлэгджээ.

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын ЖАЙКА байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл 2″-ын хүрээнд газар хөдлөлтийн тэсвэршилтийн сургалт, дадлагын хэрэглэгдэхүүн (макет) болон гарын авлага боловсруулаад байна. Төслийн хоёрдугаар үе шатанд төв, орон нутгийн сургалтын мэргэжилтнүүдийг үе шаттайгаар бэлтгэж байгаа юм. Энэ удаагийн сургалтаар барилгын тэсвэршилт, хүчитгэл, эрсдэлийг бууруулах талаар сэдэвчилсэн сургалт, дадлагыг зохион байгуулж, сургалт хариуцсан мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхыг бататгалаа.


