“Транспэрэнси интернэшнл монгол” байгууллагаас жил бүр улс орнуудын авлигын төсөөллийн индексийг зарладаг. Энэ жилийн индексийг 2026 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатарын цагаар 14:01 цагт олон нийтэд албан ёсоор зарлах учиртай. Өнгөрсөн 2025 оны Авлигын төсөөллийн индекс үр дүн болон холбогдох мэдээллийг www.transparency.mn вэбсайт болон албан ёсны сошиал медиа сувгуудаараа олон нийтэд монгол хэл дээр хүргэх юм байна. Энэ жил авлигын төсөөллийн индекстэй холбоотой хэвлэлийн бага хурал зохион байгуулахгүй гэнэ.
Монгол Улсын 2024 оны авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд Монгол улс 33 оноо авч 180 орноос 114 дүгээр байрт жагссан. Сүүлийн 3 жил дараалан буюу Монгол улс 2022 оноос хойш 33 оноог авч байгаа юм. Авлигын индекст татварын гэмт хэрэг, хууль бус санхүүгийн гүйлгээ, авлигын оролцогч тал, мөнгө угаалт, далд эдийн засаг хамаарахгүй гэдгийг судлаачид онцолдог байна.
- 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт
- 2023 онд 33 оноо авч 180 улсаас 121 дугаар байрт
- 2024 онд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.


