horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сэлбэ хотын байрны үнэ 4.8 сая төгрөг байх төлөвтэй

post-img

Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн оны эцсийн судалгаагаар шинэ орон сууцны дундаж үнэ нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 5 сая, Чингэлтэй дүүрэгт 4.8 сая төгрөг байна. Энэ бол хотын төв гэсэн үг. Тэгвэл хотын төвөөс хойшоо Сэлбэ гол дагуу байгуулж буй Сэлбэ 20 минутын хотод байрны үнэ ямар байх бол?  

ЭХНИЙ БАЙР 2027 ОНЫ 5-Р САРД АШИГЛАЛТАД ОРНО

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14-р хорооны 158 га талбайд Сэлбэ 20 минутын хот байгуулж байна. Зургаанбуудал, Долоонбуудал хавьд гэсэн үг. Энд амины 3 давхар орон сууц, 9 болон 12 давхар нийтийн орон сууц барьж буй. 9 давхар байр нь нийт 71 айлтай бол 12 давхар нь 112 айлтай байх юм. Нийт 113 блок орон сууцанд 8575 айл орно.

Орон сууц барих газрын 96%-ийг одоогоор чөлөөлжээ. Одоо ч газар чөлөөлөх, чөлөөлсөн газар дээрх байшин, амбаар жорлонг нураах, хогийг нь зөөх, жорлонг ариутгах зэрэг ажил үргэлжилж байна.

Нийтийн орон сууц барих ажлыг анх 4 багц болгон хуваажээ. Гэтэл дотоодын компаниуд шалгуурт нь тэнцэхгүй байсан тул 3, 4-р багцыг задалж, нийт 7 багц болгон тендер зарласан байна. Ингэснээр Монголын компаниуд уг тендерт оролцох боломж бүрдсэн тухай “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн Бизнес хэлтсийн дарга Л.Ундрал тодотголоо.  

Тендерт шалгарч, Сэлбэ хотын орон сууцыг барьж буй компаниуд:

  1. Багц 1. “Си Эс Эм Си” ХХК нийт 1780 айлын орон сууц барина. Энэ хороолол нийт 20 барилгатай. Үүний 12 байр нь 12 давхар. 1 байрандаа 117 айлтай. 8 байр нь 9 давхар. 1 байрандаа 71 айлтай.
  2. Багц 2. “China Construction Sixth Engineering Bureau” компани нийт 2030 айлын 26 блок орон сууцны хороолол барина. Үүний 4 блок нь 12 давхар, 22 блок нь 9 давхар байна. 1 байранд 117 айл орно.
  3. Багц 3.1. “China Construction Fifth Engineering Bureau” компани 71 айлын 9 давхар 11 блок орон сууц барьж байна. Нийт 781 айл энд амьдарна.
  4. Багц 3.2. “Моринсувд” ХХК 852 айлын орон сууц барина. Энэ нь 71 айлын 9 давхар 12 блокоос бүрдэнэ.   
  5. Багц 3.3 “Нутгийн буян” ХХК нийт 994 айлын орон сууц барина. Энд 14 блок бүхий 71 айлын 9 давхар орон сууц босгох юм.
  6. Багц 4.1 “Монкон” ХХК нийт 1136 айлын орон сууц барина. 1 блоктоо 71 айлтай 9 давхар, 16 блок орон сууц бий болно.
  7. Багц 4.2 “Професионалстрой” ХХК нийт 994 айлын 16 блок орон сууц барина. 1 блоктоо 71 айлтай, 9 давхар орон сууц байх юм.

9 давхар байрууд нь бүрэн цутгамал бол 12 давхар байрууд нь карказан хийцтэй. 1, 2-р багцад багтсан барилгуудыг хэдийнэ барьж эхэлсэн тул эхний ээлжийн орон сууцыг 2027 оны 5-р сард ашиглалтад оруулна. Харин 3, 4-р багцын байруудыг барих ажлыг энэ оны 3-р сарын 6-наас эхлэхээр төлөвлөжээ. Байрны талбайн хувьд 33 өөр хэмжээтэй. 32 ам м талбайтай 1 өрөө байрнаас эхлээд, 89.5 ам м талбайтай 3 өрөө байр эндээс авч болох нь.

Энд онцлох бас нэг мэдээлэл бол Сэлбэ хотын бүх орон сууц нэг стандарт, ижил загвар, өнгөтэй. Үхрийн бөөр шиг янз бүрийн өнгө, загвартай орон сууц энд бариулахгүй. Барилга, орон сууц хоорондын зайг ч нормын дагуу байлгах юм байна.

ЯАГААД 4.8 САЯ ГЭЖ?

Үнийн тухайд 1 ам м орон сууц дунджаар 4.8 сая төгрөг байх төлөв гарсныг Сэлбэ 20 минутын хот корпорацын дотоод аудитор Д.Галхүү танилцууллаа. Энэ үнэ хаанаас гарч ирснийг Сэлбэ 20 минутын хот корпорацынхнаас асуухад газар чөлөөлөхөд айлуудад төлж буй төлбөр, уг газрыг цэвэрлэх, ариутгах зардал, хотын төвөөс ийш дулаан, цэвэр, бохир усны шугам татсан зардал, ажилчдын цалин, барилгын компанийн ашиг, Сэлбэ хот дотор тавих авто болон явган хүний замын өртөг зэрэг олон хүчин зүйлстэй холбон тайлбарлав. Тухайлбал: Гэр хорооллын айлуудаас газрыг нь үнэлж авахад 360 тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж. 32-ын тойргоос Долоонбуудал хүртэлх төв зам дагуух дэлгүүр, цайны газар гэх мэт үйлчилгээний байгууллагуудын  газрыг чөлөөлбөл энэ зардал улам нэмэгдэнэ.

Газрын үнэлгээг 2-3 байгууллагын үнэлгээний дунджаар тогтоожээ. Ингэхэд 1-р эгнээний айлын 1 ам м газар дунджаар 240 мянга, 2-р эгнээний айлынх 120 мянга, 3-р эгнээнийх бол 80 мянган төгрөг. Уг үнэлгээнд Сэлбэ 20 минутын хот корпорац оролцдоггүй. Нийслэлийн ЗДТГ-ын тусдаа нэгж уг ажлыг хариуцан, газар чөлөөлж өгдөг юм байна.

Одоогоор 15 мянган яндан буулгаж, 12 мянган жорлон устгаад байгаа аж. Жорлонг булаад, айлын хашааны газар дээр шууд барилга барьдаггүй. Жорлонг ухаж зайлуулдаг. Газрыг бүхэлд нь ариутгадаг. Ариутгахад хүртэл мөнгө урсаж байдаг.

2026.07.01-НД ЭЦСИЙН ҮНЭ ТОДОРХОЙ БОЛНО

Хот байгуулахад хамгийн чухал нь дэд бүтэц. Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр 28 МВт дулааны станц байгуулж, 2021 онд ашиглалтад оруулсан. Эндээс Сэлбэ хот руу дулааны 14 км шугам татжээ. Одоо уг станцаас 280 дугаар цэцэрлэг, 50 айлын орон сууц, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв, 35 дугаар сургууль зэрэг байгууллага  дулаан авч байгаа. Сэлбэ хотын бүх барилга, байгууламжид 91.8 МВт дулаан шаардлагатай. Үүний 21 МВт-ыг Сэлбэ дулааны станцаас хангаж, 63 МВт-ыг одоо барьж буй Дамбадаржаа дулааны станцаас авахаар төлөвлөжээ.  

Сэлбэ хотод ганцхан хоногт 7903 шоо м ус хэрэгтэй. Үүний 1580.6 шоо метрийг Дамбадаржаагийн 1 тн шоо м багтаамжтай усан сангаас авах бол 6322.4 шоо метрийг нь Хайлаастын 2000 шоо метр багтаамжтай усан сангаас хангана. Эдгээр усан сангаас цэвэр ус татах насос станц байгуулж, 11.9 км шугам татжээ. Үүгээр Сэлбийн бүх барилга, байгууламжийг цэвэр усаар хангана. Эргээд уг хотоос гарах бохир усыг төвийн бохир усны шугамд нийлүүлэхийн тулд 8.9 км шугам татжээ.

Сэлбэ хотод зориулан Төгөл 35/10 кВ-ын дэд станц, хаалттай 5 дэд өртөө байгуулж, цахилгаан хуваарилах байгууламж барьжээ. Эндээс 2.5 км кабел шугам татсан байна. Үүгээр Сэлбэ хотын цахилгааны 38%-ийг буюу 18 МВт хэрэгцээг хангана. Цаана нь шаардлагатай 28.32 МВт цахилгааныг хангахын тулд 110/35/10 дэд станц байгуулахаар төлөвлөжээ. Интернэтээр энэ хотыг хангахын тулд мэдээлэл холбооны барилга барьж, 19.5 км шилэн кабель татаад байна.

Энэ хотыг голын эрэг дагуу байгуулж байгаа учир хөрсний ус гэдэг асуудал яах аргагүй тулгарч буй аж. “Професионалстрой” ХХК-ийн орон сууц барьж буй талбайд хөрсний ус арай их шүүрч байгаа бол бусад компанийн талбайд харьцангуй бага шүүрч байгаа гэнэ. Ямартаа ч эндхийн 3.01 га талбайд хөрсний ус зайлуулах татжээ.

13.2 км авто зам, дугуйн 26.2 км зам, явган хүний 52 км зам тавина. Сэлбэ гол дагуу амралтын 1.5 км урт бүс байгуулна. 62.6 га талбайд мод, сөөг, зүлэгтэй бичил цэцэрлэг бий болгоно.

Энэ бүх бүтээн байгуулалтын зардал мэдээж Сэлбэ хотын орон сууцны үнэд тодорхой хэмжээгээр шингэж таарна. 1 ам м байрыг яг хэдэн төгрөгөөр борлуулахаа одоогоор эцэслэн тогтоогүй байна. 2026.07.01-нд үзүүлэнгийн байр бэлэн болж, иргэдэд танилцуулах юм байна. Тэр үед эцсийн үнээ олон нийтэд зарлахаар төлөвлөжээ.  

0/1000