Иргэн Д.О нь Г ХХК-иас 2019 оны 11 сард 53,76 м.кв талбайтай 2 өрөө орон сууц худалдан авч, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр ханджээ. Гэтэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийн газар нь гэр бүлийн зориулалттай. “Чингис хаан” банктай байгуулсан барьцааны гэрээнд бүртгэлтэй байна. Уг газрыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Түүнчлэн “Г” ХХК-ийн бүртгэлтэй барилгын захиалагчдын жагсаалтыг ирүүлээгүй” гэсэн хариу өгч, бүртгэхээс татгалзжээ. Д.О үүнд “Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр миний өмчлөлийг баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, орон сууцны өмчлөх эрхийг Д.О-н нэр дээр шилжүүлэх албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн. Дүүргийн Прокурорын газраас тус байр байрлаж буй газар, үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр хүчингүй болсон” гэсэн хариу өгсөн аж.
Гэсэн ч бүртгэлийн байгууллага хуучин хүчингүй болсон шийдвэрүүдийг үндэслэн, түүний байрыг бүртгэхээс татгалзжээ. Тиймээс тэр “Би газрын эрх авахыг хүсээгүй. Зөвхөн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өмчлөх эрхээ бүртгүүлэхээр хандсан. Миний үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлэх эрхийг удаа дараа хойшлуулж, бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй” гэж шүүхэд ханджээ.
Анхан шатны шүүх уг маргааныг хэлэлцээд, “Уг үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газрын өмчлөх эрх нь өөр этгээдийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанд бүртгэлтэй байх тул уг газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг салгаж бүртгэхэд барьцаалагчийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай” гэж дүгнэж, түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Эл шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Тиймээс Д.О хяналтын шатны шүүхэд хандсан аж. УДШ 2026.02.03-нд “Тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газар нь гэр бүлийн зориулалттай,Чингис хаан” банктай байгуулсан барьцааны гэрээнд бүртгэлтэй, газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, захиалагчдын жагсаалтыг ирүүлээгүй гэх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг салгаж бүртгэхээс татгалзсан нь хууль бус. Анхан болон давж заалдах шатны шүүх холбогдох хууль, журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэж үзэн, өмнөх 2 шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгов. Ингээд уг иргэний байрыг улсын бүртгэлд бүртгэж, нэр дээр нь үл хөдлөхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгалаа.

