Сэлэнгэ аймгийн органик хүнс үйлдвэрлэгч 500 гаруй ногоо тариалагчид болоод “Тогтвортой нийлүүлэгч” түншлэлийн гишүүдээс хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр ярилцлагаар дамжуулж Сэлэнгэ аймгийн ногоо тариалагчдыг доромжилсонд гомдолтой байгаагаа илэрхийллээ. Тус аймгийн газар тариалан эрхлэгчид Монгол улсын үр тарианы хэрэгцээний 50 хувийг, хүнсний ногооны 30 хувийг дангаараа үйлдвэрлэдэг гэдгээ мэдэгдсэн юм.
Тэд хүнсний ногоо тарьж ургуулахад хөдөлмөр зүтгэл чухал болохоос ямар төрлийн цустай байх нь чухал биш гэдгийг онцоллоо. Хөдөө аж ахуйн салбар хүний нөөцийн хомсдолтой байхад УИХ-ын гишүүн ард түмнээ хийж байгаа ажлаар нь доромжилсон нь салбарын хөгжилд хор нөлөө үзүүлж мэдэх үйлдэл боллоо хэмээн мэдэгдлээ. Сэлэнгийн ногоо тариалагчдын зүгээс УИХ-ын гишүүн Л.Гантөмөрийг албан ёсоор уучлал хүсэх ёстой хэмээн шаардаж буйгаа зарласан юм.


