Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өнөөдөр /2026.02.09/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, ”Ашигт малтмалын тухай хууль бол Монгол Улсын эдийн засагтай салшгүй холбоотой. Орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулахад иргэдийн дунд үл ойлголцол гардаг учраас шинэчилсэн хууль нь оролцогч бүх талын эрх ашгийг хамгаалж, хариуцлагатай уул уурхайг дэмжих чиглэлээр боловсруулагдсан” гэлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оныг эдийн засгийг өргөтгөхөд чиглэсэн эрхзүйн шинэчлэлийн жил болгон зарласан. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн нэмэлт, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Хүнд үйлдвэрийн тухай хуулийг шинээр батлуулах ажлыг эхлүүлээд буй. Энэхүү салбар нь Монгол Улсын эдийн засгийн стратегийн чухал хэсэг бөгөөд улсын нийт орлогын 28 хувь, экспортын орлогын 94 хувь, аж үйлдвэрийн салбарын 74 хувийг бүрдүүлдэг. Тиймээс хууль эрхзүйн орчныг шинэчлэх нь салбарыг тогтвортой хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах гол зорилготой юм.
Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дараах гол шинэчлэлүүд хийгдэж байна:
- АМНАТ-ын илүү шударга хуваарилалт: Төсөл хэрэгжиж буй суманд 20%, аймагт 10% хуваарилах замаар орон нутгийн иргэдэд ашиг хүртээх,
- Нөхөн сэргээлт, хариуцлагыг сайжруулах: Төсөл хэрэгжүүлэгч компаниудын нөхөн сэргээлтийн төлөвлөгөө хугацаанд хэрэгжсэн эсэхийг үндэслэн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх,
- Дотооддоо боловсруулах бодлого: Олборлосон түүхий эдийг боловсруулахыг дэмжиж, салбарыг тогтвортой хөгжүүлэх,
“Мөн судалгаагаар, эрхзүйн орчин хэвээр байвал 2050 он гэхэд уул уурхайн салбарт шинэ хөрөнгө оруулалт орохгүй байх эрсдэлтэй байгаа бөгөөд татварын орчныг тодорхой хэмжээнд шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг тогтвортой хадгалах боломжтой гэж үзэж байна. Маргаашаас эхлэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Газрын тосны газар, Үндэсний геологийн алба хамтран 21 аймагт Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулна. Иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудыг идэвхтэй оролцохыг урьж байна” гэж АҮЭБЯ-наас мэдээллээ.


