horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дуусдаггүй төслүүд 2026 онд ч дуусахгүй

post-img

Монгол Улсын төсвийн төсөлд туссан, төсөвт өртөг эсвэл санхүүжих дүнг нь өөрчилсөн 97 төсөл, арга хэмжээ бий. Эдгээрийн санхүүжих дүн бүгд өөрчлөгджээ. 18-ынх нь төсөвт өртөг нэмэгдэж, 1-ийнх нь буурсан байна.

Төсвийн тухай хуулийн 29.3.5-т “Шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож, 3 жилд багтаан санхүүжүүлж, дуусгана” гэж  заажээ. Тэгвэл өнөө жил хэрэгжүүлж эхлэх төслүүдэд санхүүжилтийг нь уг хуулийн дагуу батлаагүй нийт 140 төсөл, арга хэмжээ байна. Хуулийн дагуу бол эдгээрт өнөө жил 982.2 тэрбум төгрөг зарцуулах ёстой 407.5 тэрбум төгрөгөөр дутуу төлөвлөжээ. Төсвийн төсөлтэй харьцуулахад санхүүжилтийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээний тоо 65-аар нэмэгдэж, энэ онд дутуу төлөвлөсөн санхүүжилтийн дүн 248.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

ЧОЙР-МАНДАЛГОВЬ-АРВАЙХЭЭРИЙН ЗАМ

Засгийн газар “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийн хүрээнд аймгийн төвүүдийг хооронд нь хатуу хучилттай авто замаар холбох, хөрш орнуудтай холбогдох 5 босоо, 3 хэвтээ чиглэлийн замтай болохоор төлөвлөсөн. Үүний нэг нь Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай 487.7 км зам. Энэ замын тендерийг ЗТХЯ 2024 онд зарлаж, шалгарсан “Хүслэнт бүтээмж”, “Мянган тэмүүлэл”, “Хулжийн голын зам” компани Арвайхээр, Мандалговь, Чойрт нэгэн зэрэг ажлаа эхэлжээ. Өнгөрсөн 2 жилд 54 орчим тэрбум төгрөгөөр уг замаас ердөө 24.6 км-ийг тавьжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг ноднин наадмын дараа очиход уг замаас нийт 23.8 км-ийг нь тавьсан байв. Түүнээс хойш ердөө 800 м зам л нэмсэн байна. Ажил ингэж удааширч байгаа нь санхүүжилт хүрэхгүй байгаатай холбоотой аж. Арга ч үгүй л дээ. Уг замд зориулж өнгөрсөн жил ямар ч мөнгө улсны төсөвт тусгаагүй юм.

Уг нь энэ зам ашиглалтад орвол баруун аймгуудын иргэд Замын-Үүд явахдаа Улаанбаатараар дайрах шаардлагагүй болно. Өвөрхангайгаас Улаанбаатараар дайран, Замын-Үүд ороход 1100 км. Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлд замтай болбол 300 км дөтлөх юм. Эл замыг энэ онд үргэлжлүүлэхгүй байхаар Сангийн яам шийдэж, улсын төсвийн төсөлд тусгаагүй.

Үүнийг мэдээд Дундговийн засаг дарга учирлаж, уг замыг бүрэн дуусгах мөнгийг 2026 оны төсөвт тусгаж өгөхийг гуйсан ч аливааг аманд ч үгүй, хамарт ч үгүй хийж дадсан хатуу чихтэй гишүүд, сайд нар сонссонгүй. Ердөө 100 км-ийг нь тавихаар 20.1 тэрбум төгрөг баталжээ. 231 тэрбум төгрөгийн төсөвтэй замд шүү дээ. Ингэхээр дахиад 380 км зам тавих үлдэнэ. Ноднин 20, энэ жил 100 км гэж хуваасаар байгаад, энэ замыг хэзээ тавьж дуусгах юм бол доо. Ганц замыг ингэж олон хувааж, жил бүр жаахан мөнгө амсуулж байх зуурт тавьсан богинохон зам нь эвдэрдэг. Замаа тавьж дуусахад, эхний хэсэг нь эвдэрсэн байдаг. Энэ л түүх энд давтагдах нь.

Уг зам Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Дундговийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Дэрэн, Сайнцагаан, Луус, Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Өвөрхангайн Сант, Зүүнбаян-Улаан, Тарагт, Арвайхээр зэрэг 3 аймгийн 12 сумын нутгаар дайрна. Авто замын трасс нь Чойроос урагш 8 км-т босоо тэнхлэгийн авто замаас эхэлж, Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 410 дахь км-тэй холбогдох юм.

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ

2020 онд эхэлж, 2027 онд үүдээ нээхээр төлөвлөсөн Байгалийн түүхийн музейд зориулж, энэ онд 36 тэрбум төгрөг тусгажээ. Тус музейг барих өртөг анх 94.5 тэрбум төгрөг байсан ч он дамжих тусам өртөг өсдөг ёсоор 130.6 тэрбум болсон. Гэвч удалгүй 94.7 тэрбумаар нэмэгдэж, 225.3 тэрбумд хүрээд байна. Зардал нь ингэж их нэмэгдэж байхад хурдхан бариад дуусгахын оронд жил бүр амсах төдий төсөв тавьсаар. Энэ онд гэхэд төсвөөс нь 36 тэрбумыг хасаж, улсын төсөвт тусгажээ. Тэгэхээр уг музей дараа жил үүдээ нээхгүй. Ашиглалтад оруулах хугацаа нь дахин 1 жилээр сунаж, 2028 он болоод байна.  

Байгалийн түүхийн музей уг нь Төрийн ордны баруун хойно, хотын А бүсэд байрладаг байлаа. Тэр газар дээр нь 2 жилийн дотор Чингис хаан үндэсний музей бариад, хэдийнэ ашиглалтад оруулчихсан. Газраа булаалгасан Байгалийн түүхийн музейд нийслэлийн Хан-Уул дүүрэгт Ихтэнгэрийн аманд 6.6 га газар зааж өгсөн ч 2024 онд л арайхийж барилгынх нь суурийг ухжээ.

Чингис хааны музей гэхээр 2 жилд бариад, Байгалийн түүхийн музей гэхээр 8 жил сунжруулдаг байж болохгүй л дээ. Хоёулаа манай улсын музей. Хоёуланг нь гадаадын жуулчид зорьж үздэг. Гэтэл УИХ, ЗГ-ын гишүүд нэгэнд нь айлын эрх хүүхэд аятай хандаж, нөгөөг нь айлын шоовдор хүүхэд шиг үзэж байна.

БАЯНДАЛАЙ-ГУРВАНТЭС ЧИГЛЭЛИЙН ЗАМ

Өмнөговь аймгийн төвийг Гурвантэс сумтай авто замаар холбох ажил уг нь 2012 онд эхэлжээ. Тус аймгийн ЗДТГ орон нутгийн төсвөөс мөнгө гаргаж, Баяндалай руу 7 км хатуу хучилттай зам тавьсан байна. Даланзадгад-Баяндалай-Ноён-Сэврэй-Гурвантэс сум чиглэлийн зам 316 км. Үүнээс 10 км-ыг нь дараа нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Дардан говь” ХХК тавьсан. 2022 онд 30 км замыг тус аймаг орон нутгийн 34.7 тэрбум төгрөгөөр тавьсан. Энэ мэтчилэн бага багаар ахиулсаар энэ чиглэлд нийт 144 км зам нь хатуу хучилттай болсон юм.

Одоо Баяндалайгаас Гурвантэс сум руу хатуу хучилттай 80 км авто зам тавих хэрэгтэй байгаа аж. Үүнд 106.9 тэрбум төгрөг шаардлагатай. Гэвч үүнд өнгөрсөн жил улсын төсвөөс ганц ч төгрөг зарцуулалгүй, хассан юм. Тиймээс өнгөрсөн жил энэ зам сөөм ч нэмэгдээгүй. Тэгвэл өнөө жил үүний 37 км-ыг нь тавихаар улсын төсөвт  20 тэрбум 36,4 сая  төгрөг тусгажээ. 2012 онд эхэлсэн гэвэл 14 дэх жилдээ, 2019 онд эхэлсэн гэж тооцвол энэ зам 8 дахь жилдээ үргэлжилж байна.

0/1000