horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Э.Бат-Амгалан: Б.Пунсалмаа бид хоёр худ ургийн хамааралгүй

post-img

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаас цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа.

-Гэр хорооллын газраа чөлөөлсөн айлуудад 1008 айлын орон сууцнаас олгох асуудал яригдаж байсан. Явц ямархуу байгаа талаар тодруулахгүй юу?

-Чуулган завсарласантай холбоотойгоор яамны ажилдаа түлхүү анхаарч байна. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан 1008 айлын орон сууцыг улсын комисс хүлээн авсан. Газрыг нь чөлөөлсөн иргэдэд орон сууц олгох асуудлыг судлах ажлын хэсэг ажиллаж байгаа. Асуудлыг 3-р сард Засгийн газарт танилцуулахаар бэлтгэж байна.

-Таны дүү УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн хамтаар Хятад улсын иргэнийг залилсан тухай мэдээлэл цахим орчинд тараад байна. Танай дүү Б.Пунсалмаа гишүүний нөхөр юм уу. Энэ талаар тодруулахгүй юу?

-Би яг та бүхний адил хэвлэлийн мэдээлэлтэй байна. Өнөө өглөөнөөс эхэлж миний нэр хүндэд халдсан, албан бус мэдээллийг шар хэвлэлүүдээр тараасан бололтой. Би үүнийг зохион байгуулалттай улстөржсөн зүйл гэж харж байна. Энэ ч үүднээс тайлбар өгөх нь зүйтэй байх.

Би УИХ-ын гишүүдээ танилгүй яах вэ. Б.Пунсалмаа гишүүнийг их хуралд орж ирсэн цагаас хойш мэддэг болсон. Түүнээс өмнө таньдаггүй байсан. 1 танхимд сууж байгаа их хурлын гишүүн гэдгээс өөр хамаарал байхгүй. Бизнесийн хамаарал байхгүй. Шар хэвлэлүүдэд гараад байгаа шиг зам, барилга барьсан, хэдэн зуун тэрбум төгрөгийн авлига авсан гэх зэрэг нь үндэслэлгүй зүйл. Та бүхэн Б.Пунсалмаа гишүүнээс асуугаад үзээрэй. Би тэр хүнийг УИХ-ын гишүүн гэдгээр мэдэхээс өөр харилцаа хамаарал байхгүй.

-Худ ургийн холбоогүй гэсэн үг үү?

-Тийм зүйл байхгүй. Миний төрсөн дүүг Э.Батбаяр гэдэг. Би ганцхан эрэгтэй дүүтэй. Б.Пунсалмаа гишүүний нөхөр нь “М-Ойл”-ын захирал Батбаяр гэдэг хүн байдаг гэсэн. Ижил нэртэй учраас хольж хутгаад, холбоод байгаа байх. Сүүлийн үед худал ташаа мэдээллээр гүтгэх явдал гаарч байна. Хотын даргын асуудал, нийслэлийн намын хорооны даргын асуудалд хүртэл миний нэрийг хутгасан зүйлийг шар хэвлэлүүд бичиж, шуугиад байсан.

Монгол Улс хуультай, шүүхтэй улс гэдгийг мэдэхгүйгээр зарим улстөрчдийн захиалгаар албан бус мэдээлэл цацаад байх шиг байна. Би аль болох хэвлэл, сошиалд яриа хөөрөө өгөлгүй урдах ажилдаа анхаарч, хийсэн ажилтай хэлэх үгтэй байх гэж хичээдэг хүн. Гэтэл он гарснаас хойш над руу чиглэсэн дайралт их байгаа учраас өнөөдөр тайлбар хийе гэж шийдсэн юм.

-Таны хийж байгаа ажилтай холбоотой байж болох уу? Яагаад тань руу чиглэсэн дайралт эрчимжих болсон гэж та харж байна вэ?

-Нийслэлд сүүлийн жилүүдэд олон орон сууцны хороолол баригдаж байна. Сэлбэ дэд төвд хятад компани ажиллууллаа гэдэг шүүмжлэл их яригдаж байгаа сонсогдсон. Гэхдээ энэ нь манай яамтай огт хамааралгүй гэдгийг хэлье. Хотын удирдлагуудын ажил. Харин барилгын яамнаас хэрэгжүүлж байгаа хэд хэдэн төслийн тухайд “Солонго-1, 2” төсөл бий. Энэ бол БНСУ-ын нэн хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа хороолол. 2026 онд 5000 орчим айлын орон сууц нь ашиглалтад орох байх. Энэ төсөл 2027 онд бүрэн дуусах юм.

-Таны дүү Э.Батбаярыг “Зэс-Эрдэнэ” гэдэг компанитай. Эрдэнэтээс олборлолт хийдэг гэдэг яриа гараад байна?

-Миний дүү Э.Батбаяр 1981 онд төрсөн. 44-45 нас хүрсэн. Өмнө нь төрийн албанд ажиллаж байсан. 2019 оноос хувийн бизнесээ эрхэлж байгаа. 40 гарсан залуус. Хэдий ах, дүү ч гэлээ байнга холбоотой байдаггүй. Хааяа 1 утсаар ярихаас хэтэрдэггүй. Өдөр тутамдаа юу хийдгийг нь би мөшгөдөггүй. Бизнес нь гайгүй яваа юм шиг байна лээ. Эрдэнэттэй холбоотой зарим 1 үйл ажиллагаа явуулсан юм шиг байгаа юм. Би дүүтэйгээ ярьсан. “Ямар асуудал яригдаад, юу болоод байна вэ?” гээд. Яг миний ярьж байгаатай ижилхэн зүйл хэлж байна лээ. Яригдаад байгаа асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулаад явж байгаа юм гэсэн. Би “Зэс-Эрдэнэ”-ийн талаар болоод дүүгийнхээ ажил албатай холбоотой мэдээллийг үнэхээр мэдэхгүй байна.

Шар хэвлэлүүд бодит үнэнийг тодруулалгүйгээр шууд мөнгөний захиалгаар улстөржиж, худал мэдээллийг нийтэд тарааж байгаад харамсаж байна. Хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах бодолтой байгаа. Дээрх худал гүтгэлгүүдийн цаад захиалагч хэн байсныг та бүхэндээ эргэн тайлагнах болно. Монгол Улс ирээдүйд ийм бусармаг байдлаар битгий яваасай гэж бодож байна. Сэтгүүлчид маань ч гэсэн үнэн бодит мэдээллийг бодитой эх сурвалжаас нь тодруулдаг байгаасай гэж хүсэж байгаагаа хэлье.

-Байр сууриа илэрхийлсэнд баярлалаа.

0/1000