horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

“Данс түрээсэлнэ” гэх зар таныг гэмт хэрэгтэн болгоно!

post-img

Фэйсбүүкийн “Аппликэйшний зээл”, “Бүх зээлийн апп хэрэглэгчид”, “Зээл гаргана” гэх мэт группэд “Данс түрээсэлнэ “ гэх зар тавьж, бусдын дансыг өдрийн 150-250 мянган төгрөгөөр түрээсэлдэг хүмүүс байна. Тэд бусдын банкны дансыг ихэвчлэн 7-10 хоногийн хугацаатай түрээсэлдэг гэнэ. Үндсэндээ иргэдийн санхүүгийн хэрэгцээнд тулгуурлан, тэдний дансыг ашиглаж, гэмт хэрэгтэн болох зам руу хөтөлж буй. “Данс түрээсэлнэ” гэх зар цахимд тавьж буй иргэд ихэвчлэн мөнгө, зээл хайж буй иргэдийн группт байдаг аж.

Тэр хүн бусдын дансыг түрээсэлж, хууль бусаар ашиг олсон бол дансаа түүнд түрээслүүлсэн иргэн та ч мөн хуулийн хариуцлага хүлээх юм. Таны дансыг ямар нэгэн мөрийтэй тоглоом, цаашлаад хүн залилахдаа ашигладаг. Залилагчид ул мөрөө баллахын тулд бусдын дансыг түрээслэдэг ажээ.

Данс түрээсэлнэ” гэх зараар түрээсэлсэн дансаа ашиглаж, 38 сая төгрөг бусдаас залилсан хэрэг гарчээ

Иргэн Н “Данс түрээсэлнэ” гэх зараар  дансаа бусдад түрээслүүлжээ. Ингээд 10 хоногийн дараа цагдаагийн байгууллагаас түүнтэй холбогдон, мэдүүлэг авчээ. Гэтэл түүний дансыг түрээсэлсэн хүн 18 удаагийн үйлдлээр 38 сая төгрөг авч, олон хүн залилсан байжээ.

Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.19 дэх зүйлд зааснаар “Мөрийтэй тоглоом эсвэл төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад өөрийн болон бусдын нэр дээрх дансыг, цахим мөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаарыг удаа дараа ашиглуулвал эрүүгийн хариуцлага хүлээнэ”.

“Данс түрээсэлнэ” гэж зар тавьдаг иргэн С гэгчийн хувьд бусдын дансыг ашиглан, покер тоглоом зохион байгуулдаг тухайгаа нэгэн иргэнд хэлжээ.

Хэрэв та бусдын фэйсбүүк хаяг, цахим шуудан болон интернэт банк руу хууль бусаар нэвтэрсэн, энэ үйл ажиллагаанд оролцсон тохиолдолд 5 хүртэл жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэх хуулийн заалттайг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба мэдээллээ. Үндсэндээ таныг  гэмт хэргийн хамжигч гэж авч үздэг байна.

Монгол Улсын нийт иргэдийн 83 хувь буюу 5 хүн тутмын 4 нь цахим орчин ашиглаж байна. Энэхүү цахим хэрэглээний зах хязгааргүй орон зайг ашиглан, бусдын дансыг түрээсэлж ашиг хонжоо олдог этгээдүүд ч бий. Нэг жилд бусдын цахим хаяг ашиглаж, мөнгө гуйх 750-800 хэрэг гардаг байна. Яг энэ тохиолдолд тухайн иргэн картаа өөр хүнд ашиглуулснаа нотолж чадахгүй бол хуулийн хариуцлага хүлээдэг. Хэдий би өөрөө ашиглаагүй, өөр хүнд ашиглуулсан гэсэн ч үүнийг зарим тохиолдолд тогтоох боломжгүй байдаг. Тиймээс иргэд өөрийхөө дансыг хэн нэгэнд өгч, ашиглуулж болохгүй. Монгол Улсын хэмжээнд 2024 онд 44.673 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 15.889 нь залилах гэмт хэрэг. Хувиар тооцвол нийт гэмт хэргийн 35.6 хувийг залилан эзэлдэг байна. Харин 2025 оны жилийн эцсийн дүнгээр улсын хэмжээнд 47.480 гэмт хэрэг бүртгэгдсэний 16.906 нь залилан байв. 2026 оны нэгдүгээр сарын статистик мэдээллээс харахад улсын хэмжээнд нийт 6095 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 2070 буюу 34 хувийг залилах гэмт хэрэг эзэлжээ.

0/1000