Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хоёрдугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, эмч ажилтантай уулзав. Тус аймгийн нэгдсэн эмнэлэг одоогийн байдлаар 310 эмч ажилтантайгаар лавлагаа шатлалын, зарим төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. 2025 оны арванхоёрдугаар сард нүдний болор солих мэс заслыг аймагтаа нэвтрүүлж, одоогийн байдлаар 11 хүнд болор солих мэс засал хийж, хараа нь 100 хувь сэргэсэн байна. Цаашлаад энэ оны эхний улиралд багтан элэг, цөсний хавдрын мэс заслыг нутагшуулахаар ХСҮТ-д эмч нараа багаар нь сургаад иржээ.
Эрүүл мэндийн яамны бодлого чиглэлтэй уялдуулан 2026 онд яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэс заслын цогц тусламж үйлчилгээгээ өргөжүүлэн, хавдрын хими эмчилгээг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд нэгдсэн эмнэлгийн барилгын гадна фасад дулаалга болон өргөтгөл барих ажил нэн шаардлагатай байгаа талаар нэгдсэн эмнэлгийн дарга Г.Ариунаа хэлэв.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Аймгийн эрүүл мэндийн салбарын жилийн төсөв нь 37 тэрбум байдаг. Тэгвэл хоёр жилийн хугацаанд ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэнэ.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр аймаг, орон нутгийн эрүүл мэндийн салбарт урьд өмнө нь хийгдэж байгаагүй томоохон хөрөнгө оруулалт хийгдэх ба энэ хүрээнд тус аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтөл барих асуудлыг шийдвэрлэнэ. Шинэ өргөтгөлд зүрхний төв, эрчимт эмчилгээ, мэс заслын төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой байхаар шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр хангаж, хүний нөөцийг чадавхжуулна. Үр дүнд нь хүнд өвчтэй, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг орон нутагтаа түргэн шуурхай, чанартай үзүүлдэг болох юм” гэж хэлсэн байна.

