Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны тэнхимийн профессор, доктор, хурандаа Х.Асхартай ярилцлаа.
-Хилийн албаны сургуулийн талаар манай уншигчдад танилцуулна уу?
-Дотоод хэргийн их сургуулийн бүрэлдэхүүн сургууль болох Хилийн албаны сургууль нь 1933 оноос анх сургалт явуулж эхэлсэн түүхтэй. Сургууль маань Монгол Улсын хилийн дөрвөн зүг, найман зовхист өнцөг булан бүрт улсын хилээ хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж буй хилчин офицерыг бэлтгэх үндсэн чиг үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар бакалавр, магистр, докторын түвшний нийт 7 сургалтыг өдөр, эчнээ хэлбэрээр зохион байгуулж байна. Үүнээс магадлан итгэмжлэгдсэн “Хил судлал”, “Шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа” бакалаврын хоёр, “Хил судлал” магистрын нэг хөтөлбөрүүдтэй. Бусад сургалтын хөтөлбөрүүдээ үе шаттайгаар магадлан итгэмжлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Сургалтын хөтөлбөрүүд маань тус бүр өөрийн гэсэн онцлогтой. Яагаад гэвэл бид Хил хамгаалах байгууллагын захиалгаар боловсон хүчнийг сургаж, бэлтгэдэг. Төгсөгчид маань 100 хувь ажлын байраар хангагддаг. Хил хамгаалах байгууллагын хүний нөөцийг сургаж бэлтгэхэд бие сэтгэлээ зориулсан үе үеийн ахмад багш нар, одоо ажиллаж байгаа багшлах бүрэлдэхүүндээ энэ дашрамд талархал илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэж байна.
-Хилийн албаны сургуулийн сургалтын онцлог, сургалт хэрхэн явагддаг талаар мэдээлэл өгөөч?
-Өнөөдөр олон улс болон бүс нутгийн хэмжээнд цэрэг-улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бид өдөр тутамдаа харж, сонсож байна. Мэдээллийн техник, технологийн хурдтай хөгжил нь улсын хил хамгаалалтад шууд болон шууд бусаар нөлөөлж байна. Хилээ хамгаалж, түүнийг газар дээр нь зохион байгуулж байгаа офицерууд хувьсан өөрчлөгдөөд байгаа цаг үетэйгээ хөл нийлүүлж алхах ёстой. Энэ бол байгалийн зүй тогтол. Хил хамгаалах байгууллага нэг талаасаа цэргийн, нөгөө талаасаа хууль сахиулж буй байгууллага. Тэгэхээр гаднаас ямар ч аюул, заналхийлэл бий болоход хилчид бид л эхний ээлжинд нүүр тулна. Нөгөөтэйгүүр улсын хилээ хамгаалахын тулд хилийн зурвас, бүс, боомт газар тодорхой дэглэмийн арга хэмжээ сахиулж, олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенц, үндэсний хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, түүнийг ард иргэд, аж ахуйн нэгжээс биелүүлэхийг шаардах, хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Хэрэв эдгээр хууль тогтоомжийг зөрчвөл хуулийн дагуу хариуцлага тооцож, шийдвэрлэдэг. Маш энгийнээр хэлэхэд ийм үйл ажиллагааг явуулдаг онцлогтой.
Иймд бидний бэлтгэж буй хилчин офицер ямар ч үүсэж болзошгүй нөхцөлд зөв шийдвэр гаргаж, удирдаж ажиллах, хил хамгаалалтад нэвтрүүлж буй мэдээллийн технологи, техникийг ашиглах мэдлэг, ур чадвартай байх шалгуур, шаардлага тавигдаж байна. Тэгэхээр бид ямар хариуцлагатай, нэр хүндтэй ажил хийж байна вэ гэдгийг сайн ухамсарладаг. Хилийн албаны сургуулийн сургалт нь онол, практикийг хослуулж явуулдгаараа онцлогтой. Ялангуяа танхимд үзсэн онолын хичээлийг Их сургуулийн хээрийн сургалтын төв, хилийн цэргийн анги, салбарт төгсөөд очоод ажиллах ажлын байранд нь дадлага хийлгүүлж, практик ур чадварыг эзэмшүүлэхэд голчлон анхаардаг. Иймээс сургалтын технологи, заах арга зүй нь бусад их, дээд сургуулиас арай өөр, онцлогтой байдаг.
-Багшлах бүрэлдэхүүнд ямар шалгуур, шаардлага тавигддаг вэ?
-Манай сургуулийн багшлах бүрэлдэхүүний хувьд бүгд төрийн тусгай алба хаагч нар байдаг онцлогтой. Үүнтэй холбоотойгоор багшлах бүрэлдэхүүний хувьд боловсролын ерөнхий хууль болон дээд боловсролын тухай хуульд заасан шалгуурын дагуу магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх, нэмэлтээр практик байгууллагад тодорхой албан тушаалд ажиллаж байсан ажлын туршлага гэсэн гол шалгуур тавигддаг. Одоо сургуульд ажиллаж байгаа багш нарын хувьд эдгээр шалгуур, шаардлагыг бүрэн хангасан байгаа. Харин багшлах болон сургалт явуулах арга зүйг тухайн багш албан тушаалд томилогдсон өдрөөс эхлэн сургалтад хамруулж, багшлах эрхийг олгодог. Мэдээж багшийн албан тушаалд томилогдоод л шууд сайн багш болчихно гэж байхгүй. Багш өөрийгөө сайн хөгжүүлж байж, сайн шавь, сайн төгсөгчийг сургаж, бэлтгэнэ. Тийм учраас Их сургуулийн зүгээс энэ чиглэлд анхаарч, багш нарыг албанд дадлагажуулах, мэргэшүүлэх, эрдмийн зэрэг, цолыг ахиулахад түлхүү анхаардаг. Сургалтын амжилт, чанарын тодорхой хувь хэмжээ багшийн үйл ажиллагаанаас хамаарч байдаг.
-Өнөөдөр зохион байгуулж буй “Багш нарын зөвлөгөөн”-ий талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Бид өнгөрсөн хичээлийн жилд юуг хийв, ямар ололттой болон сул талууд байв, цаашид бид хэрхэн, яаж ажиллах вэ гэдгээ багш нар хоорондоо санал солилцож, туршлагаа хуваалцдаг. Ерөнхийдөө багш нарын арга зүйн зөвлөлдөх уулзалт гэж хэлж болно. Энэ удаагийн зөвлөгөөнийг гадны байгууллагаас мэргэшсэн тусгай баг явуулж байгаа нь их онцлог байна. Тэдний зохион байгуулж буй арга зүй, бусад зүйлээс туршлага хуримтлуулж байна. Энэ удаагийн сургалт, арга зүйн зөвлөгөөн “Бидний манлайлал, чанартай боловсрол” гэсэн уриан дор “Багшийн хөгжил, тэгш оролцоо, хамтын ажиллагаа, шийдлийг өөрсдөө хайцгаая” гэсэн агуулгаар явагдаж байгаа юм. Олон мэдээлэл, шинэлэг зүйлийг мэдэж, багш нартайгаа туршлагаасаа хуваалцаж, саналаа солилцож байна. Энэ зөвлөгөөний үр дүнгээр тодорхой шийдлүүд гарна гэдэгт илтгэл дүүрэн байна. Одоо гагцхүү олж авсан зүйлээ сургалтын үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг л үлдлээ. Их сургуулийн орчноос өөр орчин нөхцөлд зохион байгуулж байгаа нь маш их таалагдлаа, сэтгэгдэл өндөр байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.


