Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон Дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэх онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр 1 өвлөн уламжлагчийг шалгаруулдаг уламжлалтай. 2025 оны шилдэг өвлөн уламжлагчаар Ховд аймгийн Дуут сумын харьяат “Монгол тууль” өвийг өвлөн уламжлагч, 8 дахь үеийн Урианхай туульч Нацагийн Дамдиндорж шалгарлаа. Тэрбээр бага наснаасаа Урианхайн алдарт туульч Заны Жилкэр, түүний охин Ж.Норолмаа зэрэг нэрт туульчдын дэргэд өсөж, тууль, цуур, товшуур хөгжмийг язгуур уламжлалаар нь сурчээ.
1992 оноос хойш Урианхай тууль, цуур, товшуур хөгжмийг хүүхэд, залуучуудад зааж, дотооддоо 750 гаруй шавь сургасан байна. Мөн “Дуут нуур” язгуур урлагийн хамтлаг байгуулж, тууль, цуур, товшуур хөгжмөөр сум, аймаг, бүс, улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож, хамтлаг болон ганцаарчилсан төрлөөр 300 гаруй медаль, шагнал хүртэж байжээ.
Тэр бол төрийн тахилгат хайрхан овоо тахилгын ёслолд тууль хайлж, байгаль дэлхийгээ аргадах зан үйлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулж буй соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч юм. “Монгол тууль”, “Цуур хөгжмийн уламжлалт урлаг” өвийг ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх ажилд идэвх, зүтгэлтэй оролцсон хүн юм байна.


