horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Тавантолгой, Нарийнсухайт, Эрдэнэтийн үүсмэл ордын 60%-ийг Үндэсний баялгийн санд хуримтлуулахаар боллоо

post-img

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр “Ачит-Ихт”, “Энержи ресурс”, “Хангад-Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай гарын үсэг зурлаа. Үндсэн хуулийн 6.2-т “… газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан. Үүнийг хэрэгжүүлэхээр талууд тохиролцоонд хүрчээ.

Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулж “Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, түүнийг одоо ба ирээдүйн иргэддээ Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрх тэгш, шударга хуваарилах” зарчмыг оруулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болсон. Байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, баялагтаа эзэн байх зарчмыг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ордод хамрагдсан болон үүсмэл ордууд дээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдтэй хэлэлцээ хийх, үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулан ажиллаж буй юм.

Ажлын хэсэг 2025 оны 8-р сараас Эрдэнэтийн үүсмэл орд ашиглагч болон стратегийн ач холбогдолтой нүүрсний ордуудад тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүдтэй хэлэлцээ хийж, Тавантолгойн нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “М Си Эс”, “Энержи ресурс” ХХК,  “Хангад-Эксплорэйшн”, Нарийнсухайт ордод тусгай зөвшөөрөлтэй “Өсөх зоос” ХХК, “Ачит-Ихт” ХХК-ийн эзэмшдэг Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг Үндэсний баялгийн санд хуримтлуулна. Хэрэв тухайн жилд өгөөж 60 хувиас бага байвал стратегийн болон үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тохируулагч төлбөрийг төлдөг байхаар харилцан тохиролцлоо.

Цаашид уул уурхайн салбарыг цэгцлэх хөдөлгөөний хүрээндстратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх, түүний үр өгөөжийг хэрхэн тооцох тухай УИХ-ын шийдвэрийн төслийг Засгийн газар боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ. 

Засгийн газар уул уурхай төдийгүй бүх салбарт цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж буй. Энэ хүрээнд баялгийн хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлснээр эдийн засагт өсөлт гарч, Үндэсний баялгийн сан арвижиж байна. “Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 онд Хуримтлалын санд нийт 500.5 тэрбум төгрөг, 2025 онд 412 тэрбум төгрөг буюу өссөн дүнгээр нийт 912 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэхүү орлогын дийлэнхийг тус нэгдлийн бүрэлдэхүүний стратегийн 6 ордод үйл ажиллагаа явуулж буй компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлэв.

0/1000