horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Б.Сумъяабазар: Шинжээч бол аливаа хэргийг илрүүлэхэд чухал байр суурь эзэлдэг

post-img

Дотоод хэргийн их сургуулийн багш нарын зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр ДХИС-ийн Шинжлэн магадлах ухааны сургуулийн Криминалистикийн шинжилгээний тэнхимийн багш, цагдаагийн ахмад Б.Сумъяабазартай ярилцлаа.

-Дотоод хэргийн их сургуулийн багш нарын зөвлөгөөний ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Би 2019 онд Дотоод хэргийн их сургуулийг шинжээч мэргэжлээр төгссөн. Шинжлэн магадлах ухааны сургуульдаа 2025 оноос багшаар ажиллаж байна. Шинэхэн багшийн хувьд энэхүү зөвлөгөөн их олзуурхууштай санагдлаа. Багшлах арга, заах арга зүйн талаар шинэлэг олон мэдээлэл авсан өндөр ач холбогдолтой зөвлөгөөн болж байна.

-Шинжлэн магадлах ухааны сургууль гэж ямар чиглэлээр мэргэжилтэн бэлддэг сургууль вэ, мэдээлэл өгөөч?

-Монгол Улс криминалистикийн шинжээчийг 1964 оноос ОХУ-д, харин 2004 оноос эх орондоо бэлтгэж байна. Өдгөө 13 удаагийн төгсөлтөөр 300 орчим криминалистикийн шинжээчийг төгсгөсөн нь 9 дүүрэг, 21 аймагт ажиллаж байгаа юм. Манай сургууль “Шинжлэн магадлах ухаан” бакалавр, магистр, докторын түвшний 3 хөтөлбөр хэрэгжүүлдэг. Багш нарын хувьд Цагдаа, Хил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Онцгой байдал, Эрх зүй, нийгмийн ухааны сургууль зэрэг бүрэлдэхүүн 8 сургуульд 47 төрлийн хичээл сургалт ордгоороо онцлогтой.

Шинжээч бол аливаа хэргийн хувь заяаг шийддэг, хэргийг илрүүлэхэд чухал байр суурь эзэлдэг мэргэжлийн нэг юм. Энэхүү мэргэжил нь хэргийн газрын үзлэгээр хураан авсан төрөл бүрийн мөр, объект, тухайлбал, гарын мөр, галт зэвсэг, сумны хонгио, хошуу, гар бичмэл, гарын үсэг, мөнгөн дэвсгэрт, гадаад паспорт, тамга, тээврийн хэрэгсэл зэрэг төрөл бүрийн объектуудад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг шинжлэх ухаанч мэргэжил юм.

-Танай сургуулийн сургалтын онцлог нь юу вэ?

-Бид сургалтын үйл ажиллагааг лабораторид түшиглэн зохион байгуулж шинжлэх ухааны онолын мэдлэг, шинжилгээ хийх ур чадвар, шударга зарчимтай шинжээчийг бэлтгэн ажиллаж байна. Тухайлбал, шинжилгээний чиглэлийн хичээл тус бүрд 2-4 удаа криминалистикийн сургалтын шинжилгээ хийж дүгнэлтийг бие даан гаргадаг. Ингэснээр төгсөгч хараат бус, бие даасан байдлаар ажил үүргээ гүйцэтгэх арга барил, дадал олж авдаг.

Суралцагчдын семинарын болон дадлага хичээлийг ШШЕГ-ын холбогдох лабораториудад тус тус зохион байгуулдаг. Манай сургууль бичиг баримт судлалын лаборатори, мөр судлалын лаборатори, гарын мөр судлалын шинжилгээний лаборатори, галт зэвсэг судлалын шинжилгээний лаборатори гэсэн дөрвөн лабораторид сургалтын үйл ажиллагааг түшиглэн явуулж байна. Одоогоор мөр судлал болон бичиг баримт судлалын лаборатори нь олон улсын ISO:17025 лабораторийн магадлан итгэмжлэлд хамрагдахаар зөвлөмж авч ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

0/1000