Төрийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашдаг З.Б өөрийнхөө компанийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулах нөхцөлтэйгээр орон нутгийн зам өргөтгөх, шинэчлэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах тендерт нэгэн компанийг шалгаруулжээ. Ингэхдээ уг тендерийн Үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан албан тушаалтанд 3 сая төгрөг бэлнээр өгч, 60 сая төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг уг хүний хамаарал бүхий этгээдийн нэр дээр шилжүүлэн өгчээ.
З.Б үүгээр зогсохгүй, хилийн хоригоо түр цуцлуулахын тулд өөр нэг албан тушаалтанд хахууль өгчээ. Тэр нь уг хахуулийн хариуд хил хамгаалах байгууллагад “Хилийн хориг түр цуцлуулах тухай” албан бичиг хүргүүлсэн аж. Эдгээр хэрэгт нь прокурор З.Б-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

