Дотоод хэргийн их сургуулийн багш нарын нэгдсэн зөвлөгөөн амжилттай болж өчигдөр /2026.02.10/ өндөрлөлөө. Тус зөвлөгөөнд их сургуулийн удирдлагын бүрэлдэхүүн болон 230 гаруй профессор, багш оролцож, байгууллагынхаа хөгжлийн чиг хандлага, багшийн манлайлал, сургалтын чанарыг шинэ шатанд гаргах асуудлуудыг нээлттэй хэлэлцсэн юм. Зөвлөгөөний эхний өдөр эрдэмтэн багш нар ололт амжилтаа бататгах, ирээдүйн зорилгоо тодорхойлох, манлайллаа сайжруулах, үлгэр жишээ зан чанарыг төлөвшүүлэх, ёс зүйтэй багш байх, оюутнуудад зөв үлгэрлэл үзүүлэх зэрэг чухал сэдвээр мэдлэг, туршлагаа арвижууллаа.
Харин хоёр дахь өдөр багш нарт тулгамдаж буй асуудлуудыг олон талт арга хэлбэрээр хэлэлцэж, их сургуулийнхаа “Эрхэм зорилго”, “Алсын хараа”-д хүрэх бодит боломж, шийдлүүдийг тодорхойлон дүгнэн шинжлэв. Зөвлөгөөний хүрээнд багшлах хүний нөөц, багшийн хөгжил, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, цахим технологийн нэвтрүүлэлт, нийгмийн баталгаа, багшийн үнэлэмж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сайжруулах зэрэг өргөн хүрээний агуулгаар давхардсан тоогоор 500 гаруй санал дэвшүүлснээс 20 гаруй саналыг удирдлагын түвшинд авч хэлэлцэн, хамтын оролцоонд тулгуурлан үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь зөвлөгөөний бодит үр дүн болсон юм.

Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, бригадын генерал Т.Сүхболд, “Энэ удаагийн зөвлөгөөний гол зорилго бол багш нараа хэрхэн дэмжих бодит шийдлийг өөрсдөөр нь тодорхойлуулах явдал байсан бөгөөд зорилгодоо хүрч чадсан гэж дүгнэж байна. Цаашид багш нарын гаргасан санал, шийдлийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Шууд хэрэгжүүлэх боломжтой саналуудыг нэн тэргүүнд ажил хэрэг болгоно. Мөн баг бүрийн гаргасан санаачилгыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа илүү инновацлаг болгох талаар хамтдаа зөвлөлдөж, санал солилцон ажиллах болно. Багшийн хөгжлийн асуудлыг хөндсөн энэ удаагийн зөвлөгөөний дараа эрдэм шинжилгээ, инновацын чиглэлд хийх ажлуудаа тодорхойлж, судалгааны ажлыг дэмжих, мэргэжлийн тэнхимүүдийг чадавхжуулах зэрэг ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ. Цаашид бид тулгамдсан асуудлаа хамтын шийдвэрээр хэлэлцэн шийдвэрлэдэг, хөгжлийг тасралтгүй дэмжсэн байгууллагын соёлыг бэхжүүлж ажиллах болно” хэмээн онцоллоо.



