УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна. Тодруулбал, шүүх хурал өнгөрөгч Баасан гарагт эхэлсэн бөгөөд өнөөдөр дөрөв дахь өдрөө Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилэх юм. Тодруулбал, Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох уг хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2024 оны гуравдугаар сард болж, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг.
Харин Б.Энх-Амгалан, З.Энхболд нар давж заалдах гомдол гаргаснаар холбогдох эрүүгийн хэргийг есдүгээр сарын 24-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна хэмээн давж заалдах шатны шүүх дүгнэсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж, хэргийг дахин хэлэлцэхээр болсон юм.


