horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Хууль бусаар мод бэлтгэсэн 13 ААН-ийг шалгаж байна

post-img

Цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтын ажиллагаа явуулжээ. Шалгалтаар Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий гурван аж ахуйн нэгж, мөн Бугант тосгонд үйл ажиллагаа явуулж буй 10 аж ахуйн нэгжтэй холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлсэн байна.

Уг ажиллагааны үеэр нийт 15 мянган ширхэг, 620 шоо метр палк, 1,754 ширхэг, 1,128 шоо метр гуалин, 320 шоо метр зах банз, ОХУ-д үйлдвэрлэсэн “Тайга” загварын хөрөө рам 38, хүнд даацын өргөгч ковш 29, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл 34, Урал маркийн тээврийн хэрэгсэл 1, трактор 29, том оврын “Пусо” маркийн тээврийн хэрэгсэл 9, мод ачигч ковш 29-ийг тус тус битүүмжилж, цагдаагийн байгууллагын гомдол, мэдээллийн бүртгэлд оруулжээ.

Эдгээр үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн баялгийг хууль бусаар ашиглах, мөн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд үйлдсэн байж болзошгүй гэж үзэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

0/1000