horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

СЕХ 6 намыг татан буулгахаар УДШ-д хандах гэж байна

post-img

Улс төрийн намууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т заасан. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 29 нь 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд ЁЕХ-нд ирүүллээ.

Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын санхүүгийн тайланг гурван үе шаттай хянадаг. Намуудын тайланг Аудитын тухай хуульд заасан шаардлага хангасан аудитын хуулийн этгээд эхлээд хянаж, 3 дугаар сарын 15-ны дотор дүгнэлт гаргана. Түүний дараа уг тайланг Сонгуулийн ерөнхий хороо хянаж, 4 дүгээр сарын 5-ны дотор Үндэсний аудитын газарт дүгнэлт гаргуулахаар хүргүүлдэг. Үндэсний аудитын газар намд олгох төрийн санхүүжилт, түүний зарцуулалт, тайлагналд Төсвийн тухай хуульд заасан цаглаврын дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

Улс төрийн намын тухай хуулийн 21.1.2 дахь хэсэгт зааснаар 2 жил дараалан санхүүгийн тайлангаа СЕХ-нд хүргүүлээгүй бол Улсын дээд шүүх сонгуулийн төв байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн, уг намыг идэвхгүйд тооцох хуультай.

2024 оны санхүүгийн тайлангаа СЕХ-нд өгөөгүй 9 нам:

  • Монголын либерал нам,
  • Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам,
  • Хамуг Монголын хөдөлмөрийн нам,
  • Тусгаар тогтнол,
  • Эв нэгдлийн нам,
  • Монгол шинэчлэлт нам,
  • Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам,
  • Монгол консерватив нам,
  • Монголын хүний төлөө нам,

2025 оны санхүүгийн тайлангаа СЕХ-нд өгөөгүй 8 нам:

  • Эх орончдын нэгдсэн нам,
  • Монголын ардчилсан хөдөлгөөний нам,
  • Монголын либерал нам,
  • Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам,
  • Хамуг Монголын хөдөлмөрийн нам,
  • Монгол шинэчлэлт нам,
  • Зүй ёс нам,
  • Ардчилал шинэчлэлийн нам

2024, 2025 оны санхүүгийн тайлангаа СЕХ-нд ирүүлээгүй 6 нам:

  • Монголын либерал нам,
  • Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам,
  • Хамуг Монголын хөдөлмөрийн нам,
  • Монгол шинэчлэлт нам,
  • Зүй ёс нам,
  • Ардчилал шинэчлэлийн нам

Иймд СЕХ дээрх 6 намыг идэвхгүйд тооцуулахаар Улсын дээд шүүхэд хандахаар болжээ.

Улс төрийн намын хөтөлбөр, үйл ажиллагааны товч тайлан, дүрэм, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон санхүүгийн тайлан Сонгуулийн ерөнхий хорооны https://m-election.mn/ цахим сайтын “Улс төрийн нам” цэс (https://m-election.mn/politicalcoalition)-д тавьдаг. Нам санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайлангаа СЕХ-нд хүргүүлсэн өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор өөрийн цахим хуудсанд байршуулж, цахим хуудасгүй нам өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлж, нийтэд танилцуулах үүрэгтэй.

Мөн нам хандивын талаарх мэдээллийг цахим хуудсандаа хайлт хийх боломжтойгоор улирал тутам байршуулж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр хуульчилсан. Уг хандивын талаарх мэдээлэл Сонгуулийн ерөнхий хорооны https://m-election.mn/ цахим сайтын “Улс төрийн нам” цэс (https://m-election.mn/politicalcoalition)-ийн “Хандив” (https://m-election.mn/handiv) хэсэгт нээлттэй бий.

0/1000