Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурлыг 3-р сарын 23 хүртэл хойшлууллаа. Уг хэрэгт тодорхой ажиллагаа хийлгэхээр хойшлуулсан байна.
Уг шүүх хурал 2-р сарын 6-нд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлсэн. Энэ хэргийг анхан шатны шүүх 2024 оны 3-р сард хэлэлцэж, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг нийтийн албанд 5 жил томилогдох эрхийг хасаж, 40 сая төгрөгөөр торгосон юм.
Үүнийг Б.Энх-Амгалан, З.Энхболд нар эсэргүүцэн, давж заалдсан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хянаад, “Хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” хэмээн дүгнэж, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон юм. Үүний дагуу тус хэргийг анхан шатны шүүх хэлэлцэж эхлээд, 4 дэх өдрөө хойшлууллаа.

