1995 оны зун Нью-Йоркийн Урлагийн академийн төгсөх күрсийн оюутан Мариа Фармерын хувьд амьдралынх нь хамгийн тод үе байх ёстой байв. Академийнхаа хамгийн ирээдүйтэй уран бүтээлч хэмээн тооцогдож, улмаар түүний дипломын ажлын “Interior” нэртэй зураг нь мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ аваад байлаа.
Төгсөлтийн үзэсгэлэн нээлтээ хийсний дараа академийн захирал Эйлин Гуггенхайм түүний урланд хоёр хүн дагуулан орж ирэв. Нэг нь загвар өмсөгч шиг гоёмсог хувцасласан, хүйтэн харцтай Гилейн Максвелл, нөгөө нь үс нь бууралтсан, өөртөө хэт итгэлтэй санхүүч Жеффри Эпштейн.

Мариа Фармер
Мариа тухайн үед зургаа аль хэдийнэ нэгэн герман цуглуулагчид 12,000 доллароор зарахаар тохироод байв. Гэсэн ч Гуггенхайм “Чи зургаа энэ хүмүүст зарах ёстой. Тэд бол академийн хамгийн том ивээн тэтгэгчид. Хэрэв чи тэднийг гомдоовол чиний карьер эхлэхээсээ өмнө дуусна гэдгийг ойлго” хэмээн шахсаны эцэст хөөрхий оюутан бүтээлээ 6000 доллароор Эпштейнд алджээ. Энэ нь түүнийг арал руу аваачих анхны өгөөш байсныг тэр мэдсэнгүй.
Мариаг сургуулиа төгссөнийх нь дараа Эпштэйн урлагийн зөвлөхөөрөө ажилд авлаа. Эхэндээ бүх зүйл мэргэжлийн түвшинд байх шиг санагдав. Эпштэйн түүнийг Нью-Йорк дахь тансаг харшдаа байрлуулж, урлагийн бүтээл цуглуулахад туслуулах болов. Гэвч харш доторх уур амьсгал Мариагийн сэтгэлийг түгшээж эхлэв.
Харшийн хана болгонд нууц камеруудаас гадна толинд нуугдсан бичлэгийн төхөөрөмжүүд байхыг Мариа анзаарчээ. Энэ мөчөөс Эпштэйн зөвхөн зураг цуглуулагч биш, харин хүмүүсийн нууцыг цуглуулагч, тэднийг барьцаалагч байсныг биеэрээ мэдэрч эхэлсэн юм. Эпштэйн түүнд нэгэн удаа “Хүмүүс үргэлж ямар нэг зүйлд шунаж байдаг. Тэр шуналыг нь бичиж авах нь хамгийн том эрх мэдэл” гэж хэлсэн нь Мариагийн зүрхэнд хүйт оргиулжээ.
1996 оны зун Эпштэйн Мариад нэгэн томоохон боломж санал болгов. Тэрээр Мариаг Огайо муж дахь тэрбумтан Лес Векснерийн (Victoria’s Secret-ийн эзэн) эдлэн газарт очиж, тэндхийн урланд “As Good As It Gets” киноны зураг авалтад зориулсан цуврал зургууд дээр нь ажиллахыг хүсжээ. Гэвч тэнд очсон даруйд байдал бишдэв. Мариа тэрхүү эдлэнгээс гарах эрхгүй болж, хамгаалагчид болон сургуулилалттай нохдоор мануулсан олзлогдогч болов. Энэ үеэр Эпштэйн түүний 16 настай дүү охиныг нь “Урлагийн сургалтад хамруулна” гэж хуурч авчирсан байна. Мариа дүүгээ аюулд орсныг мэдээд галзуурах шахсан ч Эпштэйн дүүг нь Нью-Мексико дахь өөр нэг эдлэн рүүгээ авч явжээ.
Мариа тэрхүү харанхуй өдрүүдэд Эпштэйн, Максвелл нарын бэлгийн хүчирхийлэл, сэтгэл санааны эрүү шүүлтэд өртөв. Тэд түүнийг “Чи бол хэн ч биш. Хэрэв бидний эсрэг хөдөлвөл чиний гэр бүлийг газрын хөрснөөс арчих болно” гэж сүрдүүлж байлаа. Гэвч Мариа дүүгийнхээ төлөө амьд үлдэх ёстойгоо ойлгож, эцсийн хүчээ шавхан зугтах төлөвлөгөө боловсруулж эхлэв.
Мариа нэгэн шөнө эдлэнгээс нууцаар зугтаж чадав. Тэрээр Нью-Йоркод буцаж ирээд, хамгийн түрүүнд өөрийн багш, академийн захирал Эйлин Гуггенхайм дээр очиж, уйлан байж болсон явдлыг ярьжээ. Гэвч Гуггенхайм түүнийг тайвшруулахын оронд “Мариа, чи өөрөө л тэднийг өдөөсөн байж таараа. Ийм том ивээн тэтгэгчдийг битгий гүтгэ” хэмээн доромжлон хөөж гаргав.
Цөхөрсөн Мариа FBI-д хандаж, 1996 оны намар маш дэлгэрэнгүй мэдүүлэг өгчээ. Тэрээр Эпштэйний харшийн нууц бичлэгүүд, Максвеллын гүйцэтгэдэг үүрэг, Огайо дахь хүчирхийлэл зэргийг нэгд нэгэнгүй ярив. Гэвч хууль сахиулах байгууллагууд Эпштэйний хөрөнгө мөнгө, улс төрийн нөлөөний өмнө өвдөг сөхөрч, Мариагийн мэдүүлгийг “Шаардлага хангахгүй” гэж үзэн, архивын тоос шороонд дарж орхисон юм.

Мариа Фармерын 30 жилийн өмнө Эпштэйнд булаалгасан “Interior” зураг
Эпштэйн амласан ёсоор Мариагийн карьерыг сүйрүүлэв. Тэрээр Нью-Йоркийн урлагийн ертөнцөд “хүн биш” болж, түүний зургуудыг хэн ч худалдаж авахаа болив. Айдсаас болж Мариа нэрээ сольж, хотоос дүрвэн, олон жил нуугдаж амьдарсан юм. Улмаар сэтгэл санааны дарамт, стресс түүнд тархины хорт хавдар авчрав.
Тэрээр өөрийгөө өвчиндөө ороогдон, энэ Дэлхийгээс ямар ч ул мөргүй арилна гэж бодож байв. Гэвч 2018 онд нэгэн эрэн сурвалжлах сэтгүүлч түүнийг олж ирснээр бүх зүйл өөрчлөгдсөн юм. Мариа анх удаа 22 жилийн дараа дуу хоолойгоо Дэлхий нийтэд хүргэхээр шийдэв. Түүний түүх дээр үндэслэн сэтгүүлч олон цуврал нийтлэл бичсэн байна. Энэ нь улам өргөжин тэлж, хэд хэдэн баримтат киноны суурь боллоо.
Энэ зуур мөн Эпштэйний хүчирхийлэлд өртөж байсан түүний төрсөн дүү нь эгчийнхээ адил нийгэмд ил гарч, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлийн гол дүр болсон юм. Эгч, дүү хоёр энэ хэргийн бүх баримтыг ил болгохын төлөө иргэний нийгмийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр тэмцэж эхлэв. Улмаар эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлийн үр нөлөө олон нийтийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэснээр конгресс хэргийг дахин харж үзэхээс өөр аргагүй байдалд оров.
2021 онд Гилейн Максвеллын шүүх хурал дээр Мариагийн дүү охин хэргийг гэрчлэв. Энэ бүхэн тэдний аль 1996 онд өгсөн ч хэн ч тоогоогүй тэрхүү мэдүүлэгтэй нийлээд “Epstein Files Transparency Act”-ыг батлуулах хамгийн гол хөшүүрэг болсон юм.
Яг өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 11-ний энэ өдөр Мариа Фармер урландаа эргэн ирээд Эпштэйний золиос болсон, нэр нь үл мэдэгдэх олон мянган охидыг төлөөлүүлэн “Цаасан хүүхэлдэйнүүд” нэртэй хөрөг зургийн цуврал дээр ажиллаж байна. Тэрээр 30 жилийн өмнө Эпштэйнд булаалгасан “Interior” зургаа биш, харин өөрийнхөө болон бусад хохирогчдын дотоод итгэл үнэмшлийг Дэлхий даяар ийнхүү тунхаглаж чадлаа.
Мариа Фармерын түүх бол мөнгө, эрх мэдэл хэчнээн хүчтэй байсан ч хүний хугаршгүй сэтгэл, үнэний төлөөх тэмцлийг хэзээ ч бүрэн устгаж чадахгүй гэдгийн амьд жишээ билээ. Тэрээр өнөөдөр зөвхөн хохирогч биш, харин түүхийн хамгийн бохир сүлжээг нураасан ялагч болон түүхэнд үлдэх нь тодорхой болов.
Гэхдээ эрэн сурвалжлах сэтгүүл зүй болоод хүний эрхийн төлөөх Иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа байгаагүйсэн бол энэ бүхэн магадгүй хэзээ ч бүтэхгүй байсан биз ээ.
Ц.Чимэддондог

