Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Г.Занданшатар өчигдөр 200 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, дотоодын зах зээлд борлуулан, Дулааны V цахилгаан станц барих эрхийг Х.Нямбаатарт олголоо. Хэдийгээр 200 тэрбум төгрөг хүртэлх гэж зааж өгсөн ч яг 200 тэрбумыг гаргах нь тодорхой. Энэ үнэт цаасыг 2026 онд багтаан, дотоодын зах зээлд үе шаттай арилжина.

Үүнийг сонссон баячууд магнай хагартал баярлаж, алгаа үрэн суугаа биз. Өнөө жил Өмнөговь аймаг бас бонд гаргаж, цахилгаан станц барина. Тэр 500 тэрбумын бондоос хэдэн ширхгийг авахаа тооцон, мөнгөө тоолж суусан хүмүүс одоо нийслэлийн 200 тэрбумын бондыг болж өгвөл бүгдийг нь авчихмаар санагдаж байгаа.

Бонд авах боломжтой хүн Монголд тун ч цөөн. Анхандаа хүн бүр авах боломжтой мэт сонсогдовч ачир дээрээ баячууд авч, борчууд сонсоод өнгөрдөг. Өмнө нь 2023 онд Улаанбаатар хот 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, 10-р сарын 2-4-нд Хөрөнгийн биржээр 3 өдөр зарсан. Үүний хэдийг нь борог амьдралтай хүн авсан бол. Бонд худалдаж авсан хүмүүсийн мэдээллийг олон нийтэд зарладаггүй болохоор энэ талын мэдээлэл хэнд ч алга.

Үүнийг сонссон баячууд магнай хагартал баярлаж, алгаа үрэн суугаа биз

Уг бондыг ширхгийг нь 100 мянган төгрөгөөр үнэлж, 17.2%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зарсан. Зээлийн, бондын хүү гэдэг бол уг мөнгөний үнэ. Тэгэхээр нийслэлийн ЗДТГ 500 тэрбум төгрөг зээлээд, төлбөрт нь 86 тэрбум төгрөг төлж байгаа. 500 тэрбумыг зээлээд 586 тэрбум болгон буцааж өгч байгаа. Үүнийг мартаж болохгүй.

ЗГ-ын зөвшөөрлөөр өнөө жил нийслэлээс гаргах 200 тэрбумын бондын хүү бас л 17.2% байх бололтой. Үүнийхээ төлбөрт нийслэлийн ЗДТГ буцаагаад 34.4 тэрбум төгрөгийн хүү төлнө. Үүнийг Г.Занданшатар, Х.Нямбаатар нарын хэн нь ч төлөхгүй. Ард түмэн, татвар төлөгчид л төлнө. 200 тэрбумаа 234.4 тэрбум болгож өгнө.

Аливаа зээлийн хүү өндөр байна гэдэг нь мөнгөний үнэ өсөж байна гэсэн үг. Энэ бол муу. Бензин, будаа, талх гээд юм бүхний үнэ өсөхөд энэ бондын хүү бас нууцхан нөлөөлж байгаа гэдгийг хүн бүр мэдэх хэрэгтэй. Юм бүхний үнэ байнга өсөж байгаа болохоор хүмүүст бонд байтугай Цагаан сарын ууцаа авах мөнгө алга.

Албан тушаалаа өгөөд, ард болох цагт нь дараагийнх нь эрх мэдэлтэн гарч ирээд, толгой дээрх хялгасыг нь тоолно доо, аяндаа

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр Монгол Улсын гадаад өр 2017 оноос хойш тасралтгүй өсөж, нийт өр 40.4 тэрбум ам.доллар болоод байна. Үүнийг иргэддээ хуваавал хүн бүрт 11.5 мянган ам.доллар буюу 40.4 сая төгрөгийн өр оногдоно. Үүнийгээ мэдэж байгаа хүн ер алга. Дотооддоо тавьсан өрийг үүнд оруулаагүй гэдгийг сануулъя. Одоо нийслэл дахин бонд гаргаж, дахиад л ард иргэдийнхөө өрийг нэмэхээр боллоо.

Нөгөө талаас нь харвал, иргэд төрөөс хүүхдэд өгч буй 100 мянган төгрөгөөр ганц ширхэг бонд авчих боломжтой боловч банкин дахь 12.2-12.7%-ийн хүүтэй хүүхдийн хадгаламжаа цуцалж, 5%-ийн хүү харах хүн тийм ч олон биш. Өө яршиг, ялгаагүй шахам юм байна л гэнэ. Уг нь хүүхдийн хадгаламжийн хүүгийн орлогоос 10% татвар авдаг бол бондын хүүгийн орлого 5% татвартай. Үүнийг харсан ч бонд яах аргагүй ашигтай. Хамгийн өндөр хүүтэй хүүхдийн хадгаламжаас ч ашигтай. Гэвч үүнийг мэддэг нь цөөхөн. Мэдэхийг ч хүсдэггүй нь асар олон.

Дотоодод гаргасан бондыг банкны эздээс эхлээд, мөнгөтэй хүмүүс авч, хамгийн өндөр хүүгээр мөнгөө өсгөдөг тул эргээд иргэд, бизнес эрхлэгчдэд зээл олгохыг хүсдэггүй. Яах юм. Батад мөнгөө 10%-ийн хүүтэй зээлдүүлж, эргээд олж авах гэж үйлээ үзэж байхаар бонд авчхаад, санаа амар сууж байх нь дээр. Ингэж л ханддаг. ЗГ-ын, нийслэлийн ЗДТГ-ын 17%-ийн хүүтэй бонд, компанийн 5-12%-ийн хүүтэй бондын алийг нь хүн авах вэ? Мэдээж ЗГ, нийслэлийнхийг авна. Иймээс ЗГ, нийслэл бонд гаргах нь цаагуураа хувийн хэвшлийг, иргэдээ зээл авч, бизнес хийх боломжийг хааж байдаг.

Монгол хүн бүрт 11.5 мянган ам.доллар буюу 40.4 сая төгрөгийн өрөнд оржээ

Гэтэл нөгөө талд бид бүхэнд ДЦС-5 асар их хэрэгтэй байна. Үүнийг барих мөнгө байхгүй гэнэ. Тэгсэн атлаа нүдэн дээр асар их мөнгө үргүй цацаж, өөрсдөө тансаглаж байгааг хэн хүнгүй харж байна. ДЦС байтугай АЦС барих мөнгийг алга болгосныг нь ард олон мэднэ.

Хэмнэе гэвэл багаас нь эхлээд арвилж болох л байлаа. “Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм” гэдэг үгийг мэддэггүй хүмүүс л улс төрд ордог бололтой. Төрийн албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарч буй хүнд 36 сарын цалинтай нь дүйцэх тэтгэмж 1 удаа олгох Засгийн газрын журам 2015.01.01-нээс хэрэгжиж байна. Түүнээс хойш 10 жилийн хугацаанд хэчнээн хүнд уг тэтгэмжийг олгосон тухай тоо баримт хаана ч алга. Одоо бүр уг тэтгэмжийг үр хүүхдэд нь өвлүүлдэг болсон. Яг л өөрийнхөө мөнгийг өгч байгаа аятай дураараа. Эрх баригчдын эрх мэдлээ хэтрүүлсэн энэ мэт булайг тоочвол далай.

Гэвч тэд өөрийн толгой дээрх өвсийг харах биш, ямар. Албан тушаалаа өгөөд, ард болох цагт нь дараагийнх нь эрх мэдэлтэн гарч ирээд, толгой дээрх хялгасыг нь тоолно доо, аяндаа.

- Шинэ
- Хандалттай