Цагдаагийн 102 дугаарт зам тээврийн осолд хүүхэд өртсөн дуудлага улсын хэмжээнд 2024 онд 1230 бүртгэсэн бөгөөд 2025 онд 948 болж буурчээ.
Дийлэнх дуудлага нийслэлд, тэр дундаа ерөнхий боловсролын сургууль орчимд гарч буй зам тээврийн осол эзэлж байгаа аж. Тодруулбал, 2025 оны 11-р сарын байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчимд явганаар 376, тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ 98, унадаг дугуй болон цахилгаан дугуйгаар зорчиж байх үедээ зам тээврийн осолд өртжээ.
Дүүргээр нь ангилбал
- Баянзүрх дүүрэгт 148,
- Хан-Уул дүүрэгт 126,
- Сонгинохайрхан дүүрэгт 102,
- Сүхбаатар дүүрэгт 92,
- Баянгол дүүрэгт 88,
- Чингэлтэй дүүрэгт 50 бүртгэсэн байна.
Нийслэлийн ерөнхий боловсролын 332 сургуульд өдөрт 2 ээлжээр “school police” эцэг эхийн эргүүлээр 1800 гаруй эцэг эх, асран хамгаалагч ажиллаж байна.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1198, 2025 оны А/1553 дугаар “Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу Нийслэлийн ерөнхий боловсролын 332 сургууль, 613 цэцэрлэгийг хамруулан 39.741 дарцгийг 1383 цэгт байршуулж, хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж ажилласан байна.
Хэдийгээр дээрх үйл ажиллагааг холбогдох байгууллагууд хэрэгжүүлж байгаа ч сургууль орчим дахь зам тээврийн ослын эрсдэл болон сургуулийн эргүүл буюу school police-той холбоотойгоор журамд өөрчлөлт оруулах зайлшгүй байгаа талаар албаныхан онцоллоо.
Төлбөртэй school police хийх явдалд хяналт тавих, холбогдох заалтыг тодорхой болгох нь хүүхдийн хулгай зэргээс урьдчилан сэргийлэх, сургуулийн эргүүл хийж буй эцэг, эхэд ажлаас нь хагас өдрийн цалинтай чөлөө олгож байгааг бүтэн өдөр болгох зэрэг бусад саналыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах чиг, үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүний анхдугаар хурлын үеэр гаргалаа.


