7 хоног бүрийн пүрэв гарагт зохион байгуулдаг Ардчилсан намын 4/11 мэдээллийн цаг авлигын сэдэв рүү чиглэлээ. Өнгөрсөн мягмар гарагт Трансперенси интернэшнл олон улсын байгууллагаас гаргасан дэлхийн улс орнуудын авлигын индексээр Монгол улс 10 байр ухарсан талаар мэдээлсэн байдаг. Тэгвэл сөрөг хүчний зүгээс 2012 онд Монгол улс авлигын индексээр 180 улсаас 94-т жагсаж байсан талаар санууллаа. 2025 оны үзүүлэлтээр Монгол улс 124-р байрт жагссан. Ардчилалгүй буюу коммунист засаглалтай улс орнуудын дундаж онооноос ч хойгуурт эрэмбэлэгдэх хэмжээний оноо авч байгаа нь эрх баригчдын авлигын хэргүүдтэй шууд холбоотой хэмээн дүгнэж байгаагаа АН-аас мэдэгдлээ.
Трансперенси интернэшнл олон улсын байгууллагаас улс төрд асар их мөнгө зарцуулагдаж байгаа нь Монгол улсад авлигын нөхцөл байдал улам бүр нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байна хэмээн дүгнэж байгаа. Тиймээс төрийн түшээд авлигад идэгдсэн өнөөдрийн нөхцөл байдлыг арилгахын тулд санал худалдан авахын эсрэг хуулийн төслийг санаачилж байгаагаа УИХ-ын гишүүн Ж.Баярмаа энэ үеэр танилцууллаа. Түүний энэ санаачлагыг УИХ-ын олон гишүүн дэмжихээ мэдэгдсэн байна.


