Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Зэвсэгт хүчнийхэн манлайлан оролцож байна. Цэргийнхэн эх орныхоо дөрвөн зүг найман зовхист мод тарин арчлан хамгаалж, ойн санг баяжуулж, цөлжилт, газрын доройтлыг бууруулж, ногоон хөгжлийг бүтээж, модны үр суулгацыг ч мөн түүж, бэлэн болгожээ.
ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн томилгоот бүрэлдэхүүн модны үр суулгацыг түүх ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд Хуурай замын цэргийнхний оролцооны талаар ХЗЦК-ын Экологийн албаны дарга, ахмад Ц.Болдсайханаас тодруулахад “Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл болон Зэвсэгт хүчний 119, 186, 326, 336 дугаар ангиудаас томилгоот бүрэлдэхүүн Хөвсгөл, Дорноговь, Төв аймаг болон Улаанбаатар хотын орчмоос улиас, улаан сухай, бургасны үр, суулгацыг түүж байна. Модны төрлөөс хамаарч үр түүх хугацаа өөр боловч ихэнх тохиолдолд хаврын тариалалтын өмнөх намрын сүүлээр болон өвлийн эхэн сард үр түүхэд тохиромжтой байдаг. Зарим модны үрийг (жишээ нь, зааг) намар түүж хаврын тариалалтад бэлтгэдэг. Улиас, улаан сухай (тайраадас)-г хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд өвлийн улиралд тайрч авдаг гээд өөр өөрийн онцлогтой” гэсэн мэдээллийг өглөө.




