Өнөөдөр МҮЭ-ийн холбоо эмч багш нарын төлөөлөлтэй уулзаж, хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлаар салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг 2026 оноос 30-50 хувиар нэмэгдүүлэх тухай Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилт алдагдаж, бодит орлого буурах нөхцөл үүссэн асуудлаар олон зуун салбарын ажилчид гомдол санал, шаардлагыг ирүүлсээр байгааг онцолж, салбарын ажилчдын өнөөдрийн нөхцөл байдал ямар байдалд хүрээд байгааг танилцуулсан юм.

Цаашид МҮЭХ-ноос Монгол Улсын Засгийн газарт гомдол гаргаж, Засгийн газрын 2025 оны 224, 225 дугаар тогтоолуудын холбогдох заалтууд, мөн Боловсрол, Эрүүл мэндийн сайд нарын гаргасан зарим тушаал, шийдвэрүүд нь Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн хүчингүй болгуулах шаардлага хүргүүлсэн байна.
Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, дээрх шийдвэрүүд нь хууль дээдлэх зарчим, ижил хөдөлмөрт ижил хөлс олгох зарчим, захиргааны байгууллагын шийдвэр үндэслэлтэй байх шаардлагыг зөрчсөн тул хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгуулахаар ханджээ.
МҮЭХ-ноос хамтын хэлэлцээрээр тохирсон цалингийн нэмэгдлийг бодитой хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллана гэдгээ энэ үеэрээ мэдэгдсэн юм.



