“Gem mall” худалдааны төвд эхнэрээ хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбат давж заалдахаар дээд шүүхэд хандаад байсан тухай бид мэдээлж байсан. Тэгвэл дээд шүүх гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, түүнд оноосон бүх насаар нь хорих ял хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, шүүгдэгч Н.Энхбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан”, тус зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэмт хэрэгт буруутгагдаж шүүхээс ял авсан билээ.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн байна. Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.


