horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

“Аюулгүй сүлжээ” дээрэлхэлтийн эсрэг үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

post-img

Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт орчин үед технологийн хөгжлийг даган цахим орчинд шилжихдээ эрүүгийн гэмт хэргийн шинжтэй болж буй. Энэ нь зөвхөн Монгол Улсад биш, дэлхийн олон оронд тулгамдсан асуудал болоод байгаа юм. Өмнө нь сургууль болон гэр бүлийн орчинд дээрэлхэлт явагдахад буруутай этгээд нь олддог байсан бол одоо цахим хэлбэрт шилжсэнээр эзэн холбогдогч нь тодорхойгүй, далд хэлбэрээр үйлдэгдэх болсон.

Олон улсын түвшинд 266 мянган хүүхдийг хамруулан хийсэн 42 удаагийн судалгааны үр дүнгээс харахад, дээрэлхэлт болон бэлгийн хүчирхийлэл илүү хурдацтай өсөж буй нөхцөл нь цахим орчин болж байгаа бөгөөд хүүхдийн сэтгэл зүйд ноцтой хохирол учруулж байгаа нь тогтоогджээ.

Түүнчлэн Монгол Улсад хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 32,1 хувь нь ядаж нэг удаа амиа хорлох оролдлого хийсэн байгаа нь “аюулын харанга” дэлдэж байгаа юм.

Иймд сургуулийн болон цахим орчинд үйлдэгдэх үе тэнгийнхний дээрэлхэлт, бөөрөлхөлт, бэлгийн хүчирхийллийн эсрэг нэг удаагийн аян биш урт хугацаанд үргэлжлэх үндэсний хөтөлбөр Боловсролын яам санаачлан хэрэгжүүлэхээр болжээ.

Энэ хүрээнд:

  • Нийгмийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийг боловсруулан, холбогдох яамдаас санал авахаар хүргүүлээд байгаа бөгөөд УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх;
  • “Аюулгүйн сүлжээ” үндэсний платформыг бий болгох;
  • Гэмт хэргийн хохирогч болохгүй байх мэдлэг олгох агуулгыг сургалтын хөтөлбөрт үе шаттайгаар тусгах. Тухайлбал:
    • Өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох
    • Эмпати, хүндлэл, хариуцлагын ур чадварыг хөгжүүлэх
    • Дээрэлхэлтийн сөрөг нөлөө, сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх хор уршгийг таниулах
    • Өөрийгөө болон найзыгаа хамгаалах арга замыг суралцах гэх мэт.
  • 4. Эцэг, эхчүүдийн оролцоотой “Е-police” ажиллуулах талаар талууд санал нэгдлээ.

“Аюулгүй Сүлжээ” дээрэлхэлтийн эсрэг үндэсний хөтөлбөр нь Монгол Улсын хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй, хүндлэл дүүрэн орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх урт хугацааны бодлогын эхлэл болох аж.

0/1000