Өнгөрч буй модон могой жилд тохиосон урлаг соёл, спортын онцлох үйл явдлын тоймыг Time.mn сайт бэлтгэн хүргэж байна. Дэлхий дахинд өөрийн нэрээ болон эх орныхоо нэрийг цуурайтуулсан алдартнууд болон тамирчдын хийсэн бүтээсэн амжилтуудыг тоймлон хүргэж байна.
“Physical Asia” шоуны ДАЙЧИД

Дэлхийн алдарт “Netflix” компанийн бүтээл болох “Physical Asia” шоу нэвтрүүлгийн онцлох баг бол ялт ч аргагүй Монголын баг тамирчид. Улсын арслан Б.Орхонбаяраар ахлуулан, МУГТ, холимог тулаанч Б.Энх-Оргил, МУГЖ, уран нугараач Э.Лхагва-Очир, ОУХМ, жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн, сагсан бөмбөгийн 3х3 үндэсний шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн, волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн нар тус шоунд оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, 2-р байрт шалгарсан нь өнгөрч буй Могой жилийн түүхэн амжилтуудын нэг билээ.
MongolZ-д алга ташъя

The MongolZ бол манай улсын номер 1 баг. Хэний ч төсөөлөөгүй амжилтыг тэд могой жилд гаргасан. Тэд дэлхийн аварга шалгаруулах “Counter Strike-2” тэмцээний дэд байрт шалгарсан. Мөн цахим спортын олимп гэгддэг “Esports World Cup-2025” тэмцээний аваргаар тодорч, Монголчууд бүхий л спортод амжилт гаргах боломжтой гэдгийг дэлхийн тайзнаа харуулсан. Иймдээ ч тэдний тоглолт бүрийг алгасалгүй үзсэн хүүхэд залуус хамгийн том алга ташилтыг MongolZ-ынхонд бэлэглэсэн юм.
“Silk Way Star” шоуны ялагч Ч.Мишээл

Өдгөөгөөс 9 жилийн өмнө буюу 2016 онд “My Voice” шоунаас урлагийн гараагаа эхэлсэн дуучин Ч.Мишээл 2025 оны модон могой жилд авьяас билгээ улам бататган, олон улсын “Silk Way Star” шоуны ялагч болсон. Түүний хувьд 12 орны хамгийн шилдэг уран бүтээлчтэй эн тэнцүү өрсөлдөж, Гран-при цомыг атган, Монгол хүний авьяас билэг дэлхийн түвшинд хүрсэн гэдгийг өөрийн биеэр батлан харуулсан билээ. Уртын дууны уянгалаг, тансаг аялгууг дэлхий дахинд таниулж, басхүү үзэгчид төдийгүй оролцогчид, шүүгчдийн хайрыг татсан энэ бүсгүйн амжилтыг яах аргагүй соёл урлагийн ертөнцөд өнгө нэмсэн нэгээхэн үйл явдал гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Шинэхэн Гавьяат Б.Энх-Оргил

Шинэ оны босгон дээр холимог тулаанч Б.Энх-Оргил “One Championship” холбооны бантам жингийн аваргаар тодорсон билээ. Иймд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг тохиолдуулан Монгол Улсын Гавьяат тамирчин цолыг түүнд олгосон юм. Түүнчлэн тэрбээр дэлхийн алдарт “Netflix” компанийн бүтээл болох “Physical Asia” шоунд оролцож, монгол хүний тэсвэр хатуужил ямар өндөр болохыг өнгөрч буй модон могой жид батлан харуулсан.
Хонгор нутгийн шинэ залуу арслан Э.Батмагнай

Баянхонгор аймгийн уугуул, Монгол Улсын арслан Э.Батмагнай энэ жилийн наадмын түрүү бөх болж, наадамчин олноо төдийгүй нутгийн зон олондоо шагшин магтуулсан. Түүний хувьд 25 настай бөгөөд 11 наснаас эхлэн үндэсний бөх болон чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн байна. Мөн 2022 оны Хүннү гүрэн байгуулагдсаны 2231 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жилийн ой, Тусгаар тогтнолоо шинээр сэргээн мандуулсны 111 жилийн ой, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадмын 1024 бөх барилдсан түүхт барилдаанд улсын наадамд анх удаа зодоглохдоо цол хүртэж тухайн үеийн хамгийн залуу начин болж залуу начны даага хөтөлсөн. Өөрөөр хэлбэл түүхэнд дэх хамгийн залуу начны 5 дахь залуу начин болж байсан бол энэ жил Улсын арслан цол хүртсэн юм.
Багийн спорт Монголд хөгжих боломжтойг баталсан охид

“Монголд хэзээ ч багийн спорт хөгжихгүй” гэдэг хэвшмэл ойлголтод цэг тавьсан охид бол 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид. Өөрөөр хэлбэл, Дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн модон могой жилийн зургаадугаар сард нийслэл хотод зохион байгуулагдсан ба шигшээ багийн охид БНХАУ, АНУ, Польшийн багийг хожсон. Ийнхүү түүхэндээ анх удаа манай улсын баг тамирчид мөнгөн медалийн эзэд болсон билээ.
Дэлхийн шилдэг баритон, Ерөнхий сайдын нэрэмжит шагналтан Э.Амартүвшин

Монголын соёл урлагийг дуурийн урлаггүйгээр төсөөлөхөд бэрх. Эх орныхоо нэрийг басхүү ижий аавынхаа нэрийг дэлхийн томоохон театруудын тайзнаа хэдэнтээ дуурсгасан хэдхэн дуучдын нэг бол Ардын жүжигчин, алдарт баритон Э.Амартүвшин юм. Түүний хувьд могой жилд “Дуурийн Оскар” гэгдэх “Opera star-International Opera Awards-2025”-аас “Шилдэг баритон” шагналыг хүртсэн. Мөн энэхүү шагналыг гурав дахь удаагаа хүртэж буйгаараа онцлогтой. Тэрбээр анх 2020 онд “Шилдэг баритон” болж байсан бол 2023 онд Германы Берлинд хоёр дахь удаагаа гардаж байсан түүхтэй. Түүнчлэн тэрбээр Ерөнхий сайдын нэрэмжит шагналын эзэн болсон билээ.
Бүжгийн урлагийн түүхийг бичиж буй “Moon dance”

Бүжигт хайртай, бүжиг сонирхогчдын хамгийн дуртай хамтлаг бол “Moon Dance”. Олон улсын зэрэглэлтэй ямар ч тэмцээнд эх орноо төлөөлөн басхүү Монгол бүжигчдийн чанар чансааг сорихоор тус хамтлагууд дэлхийн тайзыг зорьдог. 2025 оны Латин формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12-р сарын 13-ны өдөр Австри улсад амжилттай зохион байгуулагдсан ба “Moon Dance” хамтлаг III байр эзэлж өөрсдийнхөө амжилтыг бататгасан юм.
“Star dance” хамтлаг од шиг гялалзаж байна

Олон улсын чансаатай бүхий л уралдаан тэмцээнд эх орноо төлөөлөн оролцдог нэгэн хамтлаг бол “Star Dance” хамтлаг. Тэд модон могой жилийн буюу 2025 оны Латин формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон бөгөөд IV байрт шалгарч өөрсдийнхөө амжилтыг бататгасан юм.


