horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Жагсаалаар буцалсан  могой жил

post-img

Орлогоо нотолсноос огцорсон дээр гэдэг сонголт могой жилд боллоо

Жилийн эхэнд тайван байсан нийгмийн бухимдлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаглал сэрээж “Огцрох амархан” жагсаалыг үүсгэсэн билээ. “Огцрох амархан” жагсаалд залуус гол төлөв нэгдэж тайван замаар зохион байгуулалтад орж жагсаж байснаараа жагсаалын стандартыг шинэ шатанд гаргасан гэж дүгнэж болно.

Жагсаал эхэлсэн шалтгааныг дурдвал  23-хан настай Ерөнхий сайдын хүү  найз бүсгүйнхээ төрсөн өдрийг тэмдэглэхдээ “Seven Nuga” амралтын газар руу нисдэг тэрэг хөлөглөж, 17 саяын үнэтэй сүйн бөгж, 100 сая төгрөгийн үнэтэй автомашин бэлэглэж тансагласан нь өнөө маргаашаа арай ядан аргацааж байгаа олон хөдөлмөр эрхлэгчдийн эгдүүцлийг өдөөсөн юм. Хамгийн анхаарал татсан нь Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлэгт багтхааргүй хэмжээний зардал гаргасан хүүгийнхээ зардлыг тэрээр жагсагчдад хандан огт тайлбарлаагүй нь гүйцэтгэх засаглалын тэргүүнийх нь суудлыг ганхуулж улмаар огцрох үндэслэлийг бүрдүүлсэн түүхтэй.  

“Огцрох амархан” жагсаалын гол шаардлага Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлохыг шаардсан ч амархан биелүүлж болох энэ шаардлагыг тэрээр хэрэгжүүлэхийн оронд Ерөнхий сайдын сэнтийгээсээ буух нь эрсдэл багатай гэж тооцсон эсэх нь тодорхой биш хэвээр үлдсэн билээ. Л.Оюун-Эрдэнийн хувьд бусад улс төрчдөөс ялгаатай нь жагсаалыг жагсаалаар сарниулах тактикийн автор гэдгээрээ онцлог. Тэрээр мэдээж энэ тактикаа “Огцрох амархан” жагсаалд хэрэгжүүлэхээ мартаагүй. “Огцрох амархан”-ы эсрэг “Ухаа худгаа авъя” жагсаалыг босгож ирсэн нь могой жилд Л.Оюун-Эрдэнийг суудалд нь үлдээж дийлээгүй юм.  

Ахмадуудын акц буюу тэтгэврийн зээлээр аргадуулсан ахмадууд

Нийгмийн стресс бухимдлаа зуны найр наадмын цагаар мартаад байсан Монголчуудыг ахмадууд сэрээж 9-р сарын 10-нд тэтгэврийн доод хэмжээг 1,5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж жагссан юм. Ахмадуудын уур ундуйцал  намар сэрүүний жавраар замхарсан гэхэд хилсдэхгүй. Өндөр настны тэтгэврийг морь жилийн төсөвт 6 хувиар нэмнэ хэмээн оруулж ирж байсан Засгийн газар тэтгэврийн доод хэмжээг ахиулах, тэтгэврийн зээлийн хугацааг сунгах зэрэг аар саархан арга залиар ахмадуудын жагсаалын уухайг тухайн үедээ сааруулж дөнгөсөн. Гэхдээ могой жилийн эцэст ахмадуудын тэтгэврээ нэмүүлэх шаардлага ахин сэрсэн юм. Могой жилд хангалттай нэмүүлж чадаагүй тэтгэврээ ахмадууд морь жилд ч үргэлжлүүлэх төлөвтэй байна.

Могой жилд МҮЭ  түүхэнд байгаагүйгээр улс төржлөө

Могой жилийн онцлох үйл явдалд 20 гаруй жил  унтаа байдалд явж ирсэн Монголын  Үйлдвэрчний эвлэлийн холбооны акцуудыг дурдахгүй өнгөрөх аргагүй. Хаа нэг хэвлэлийн хурал хийхээс хэтэрдэггүй байсан Үйлдвэрчний эвлэлийнхэн багш нарын жагсаалд  хүч нэмэн оролцож 20 гаруй хоногийн ажил хаялтад хүргэсэн байдаг. Төсвийн сахилга батад шилжсэн засгийн газрын боогдсон төсвийг УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд задалж, багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлж 2026 онд 2,8 сая төгрөгт хүргэх, 2027 онд 3,5 сая төгрөг болгох хэлэлцээрийг Засгийн газартай байгуулж чадсан.

Багш нарын жагсаалын араас Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны уухайлан орсон эмч нарын жагсаал арай ч  ажил хаялтад хүрэлгүйгээр эрх баригчидтай тохиролцоо хийж чадсанаараа онцлогтой. Гэхдээ эмч нарын жагсаал улстөрийн тохиролцоо өрнөсний дараа болсноороо багш нарын жагсаал шиг үр дүнд хүрч чадаагүй юм. Ямартай ч 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлах замаар 3,5 сая төгрөгт хүргэх тохироо хийсэн бөгөөд 2026 оны 1-р сараас эмч нарын цалин 30 хувиар өсгөхөөр тохирсон. Харин 11 сараас сараас 75  хувь хүртэл нэмэгдүүлж улмаар 2027 онд 3,5 сая төгрөгт хүргэх болзолтойгоор эмч нарын жагсаал намжсан байдаг. Гэвч эмч, багш нарын могой жилд засгийн газартай байгуулсан хэлэлцээр жилийн төгсгөлд биелээгүй нь тодорхой болоод байна. Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос морь жилд байгуулсан хэлэлцээрээ хэрэгжүүлэхийн төлөө ахин чармайлт гаргах шаардлага үүсээд байгаа юм.

Могой жилд өрнөсөн дээрх олон жагсаалууд сарвайснаа авч чадсан мэт ойлгогдож байсан ч хэрэгжилт нь араасаа хэл ам дагуулсаар морь жилийг угтаж байна.

Могой жилд Нийслэл хөлдөхгүй хөлдөхгүйн дэнсэн дээр ирлээ

Хан-Уул дүүргийн 3-р хороо, “Дулааны цахилгаан станц -3” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цехэд гал гарч албан үүргээ гүйцэтгэж байсан 47 настай эрэгтэй амиа алдсан харамсалтай явдал болсон юм. Нэг хүний алтан амийг авч одсон дээрх ослоос үүдэж Нийслэл хот энэ өвлийг хөлдөхгүйгээр давж чадах уу гэдэг сорилтын өмнө тулсан билээ.

Ослын шалтгааныг сийрүүлье. 1965 онд байгуулагдсан ДЦС- 3  нь 60 жилийн насжилттай. Нийтдээ   25 мВт-ийн 4 ширхэг, 12 мВт-ийн 8 ширхэг турбин генераторуудтай. 20 жил ашиглах зориулалттай турбин генераторуудыг Монголчууд 40-60 жил ашиглаж ашиглалтын горимыг бүрэн алдагдуулж өнөөг хүрсэн байдаг. Галын ослын шалтгаан ч ашиглалтын горим зөрчиж насжилт хэтрүүлсэн техникээс үүдэлтэй.

Хүний алтан амь ажлын байрандаа эрсдэж, Нийслэлийн 1,5 сая иргэн хөлдөх хөлдөхгүйн дэнсэн дээр тулсан эл явдлаас болж салбарын сайд хариуцлага хүлээгээгүй. Харин салбарын төрийн нарийн бичгийн даргыг ажлаас нь чөлөөлж Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч болгосон юм. Хариуцлага тооцох биш харин салбарын сайдтай эн зэрэгцэх эрх мэдэлд хүргэж дэвшүүлснээрээ анхаарал татна.  

ДЦС-3 ТӨХК гарсан дэлбэрэлтийн улмаас ажиллагаагүй болсон турбин генераторыг засварлахад 12-16 сарын хугацаа шаардлагатай гэсэн тооцоо гарсан учраас дулаан хангамжийг хэсэгчлэн засварлаж могой жилийн өвлийг давах арга тактик боловсруулсан бол цахилгааны эрэлтийг БНХАУ-аас импортолж хангаж байна.

Улаанбаатар хотын эрчим хүчний системийн цөм болсон ТЭЦ-3-т гарсан томоохон осол бидэнд олон сургамж дагуулж, могой жилийн бас нэгэн онцлох үйл явдал болж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ.

0/1000